Эдийн засгийг солонгоруулж, олон тулгууртай болгохын мал аж ахуйн салбарын боломжоо ашиглах хэрэгтэйг судлаачид зөвлөдөг. Тэгвэл зөвхөн малын дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чадвал хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг хоёр дахин тэлэх боломж байна. ШУА-ийн болон их, дээд сургуулийн эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ.
“Малаас хаях юм байхгүй. Амьсгалаас нь бусдыг ашигладаг” хэмээн Монголчууд ярьдаг. Үнэхээр ч үүнийг баталсан олон судалгааг судлаачид гаргажээ. Тухайлбал, жилд нядалдаг 10 сая малын зөвхөн чихийг боловсруулснаар жилд 20 тэрбум төгрөгийн орлого эдийн засагт орж ирэх боломж байна. Мөн ШУТИС-ийн багш нар малын дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх цогц судалгаа хийжээ. Доктор С.Төгс өмнө нь малын гүзээг ашиглаж илгэн материал гаргаж авч байсан. Харин одоо өрц, үнхэлцэгний хальсаар оёдлын материал гаргах авах боломжийг судалж эхэлжээ. Манай улс жилд 9,2 мянган тонн малын дайвар бүтээгдэхүүнийг шууд булж устгадаг гэсэн судалгаа байна. Хэрэв аймаг бүр 100-120 сая төгрөгөөр малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэртэй болж чадвал малын түүхий эд, хаягдахгүй, эргэлтэд бүрэн орох боломжтой гэж үзэж байна.
ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БЭЛЭН ГОЙМОН ҮЙЛДВЭРЛЭВЭЛ 4,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ДОТООДДОО ҮЛДЭЭНЭ
Малын дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг ШУА-ийн дэргэдэх “Гарааны технологийн инкубатор төв”- өөс хийсэн байна. Манай улс жилд дунджаар 650-700 мянган тонн бэлэн хоол импортоор авдаг. Хэрвээ малын гэдэс дотроор бэлэн гоймон үйлдвэрлэж чадвал гадагшаа урсдаг 4,7 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж байна.
2020 оны байдлаар, манай улсын ДНБ 37,5 их наяд төгрөг байв. Үүнээс хөдөө аж ахуйн салбар 12,8 хувийг бүрдүүлсэн байна. Хэрэв эрдэмтдийн эдгээр судалгааг эргэлтэнд оруулж чадвал хөдөө аж ахуйн салбараас эдийн засагт орж ирдэг 4-5 их наяд төгрөгийг хоёр дахин өсгөх боломжтойг тэд ярилаа.
Шинжлэх ухааны байгууллагууд дэргэдээ гарааны компанитай болохыг хуулиар зөвшөөрсөн ч тэд зах зээлд өрсөлдөж, бүтээгдэхүүн гаргах боломж хомс байна. Шинжлэх ухаан технологийн сангаас жилд дунджаар 7-8 тэрбум төгрөгийг шинэ судалгаанд зарцуулж байна. Гэвч бэлэн болсон судалгааны 80 орчим хувь нь эргэлтэнд орж чадалгүй өдийг хүрчээ. Тиймээс цаашид орон нутгийн төсвөөр бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл хөгжүүлэх чухал байгааг хөндөж байна.