Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс нийслэлд хэрэгжүүлж буй зарим ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх, тарах цагт оруулсан зохицуулалт байв.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнөөдрөөс нийслэлийн 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийсэн. Зохицуулалтын дүнг тухай бүрд шуурхай тооцож байна. ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан. Мөн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулга явуулахад асуулгад оролцогчдын 70 хувь дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон” гэлээ.
Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн 152, төрийн бус өмчийн 129 сургуульд 340069 хүүхэд суралцаж байна. Үүнээс цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд 85207 хүүхэд суралцдаг байна.
Цагийн зохицуулалтаар:
-Өглөө 07:45, өдөр 13:15 цагт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн найм, нийт 21 сургуулийн 47330 сурагч буюу нийт сурагчдын 13.9 хувь,
-Өглөө 08:15, өдөр 13:45 цагт төрийн өмчийн ес, төрийн бус өмчийн зургаа, нийт 15 сургуулийн 26189 сурагч буюу нийт сурагчдын 7.7 хувь,
-Өглөө 09:00 цагт нэг ээлжтэй төрийн өмчийн нэг, төрийн бус өмчийн 22, нийт 23 сургуулийн 11688 сурагч буюу нийт сурагчдын 3.4 хувь хамрагдана.
Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм. Өмнөх хоёр жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль хөл хориотой байсан бөгөөд үндсэндээ 340 мянган тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа.
ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.
Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ. Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.