Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарлаад яг нэг сар боллоо. Нийгэм даяараа энэ сэдвээр шуугин хэлэлцсэн ч өнгөрсөн хугацаанд чанаргүй том зээлдэгчдээс нэг нь ч зээлээ төлөөгүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл бид энэ сэдвийг хөөсөртөл нь хэлэлцэж байгаа ч начир дээрээ гол үр дүн болох зээл төлөлт тэг. Бид энэ талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаад гурван сар болж буй хуульч Ү.Амарбаттай товч ярилцлаа.
Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсээс одоогоор 66 зээлдэгч тунаж үлдээд буй. Эдгээрийн хэд нь өнгөрсөн нэг сарын хугацаанд зээлээ барагдуулсан бэ?
Нийт 66 зээлийн жагсаалтыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал зарласан. Энэ бол зарласан жагсаалт. Зарласан жагсаалттай холбоотой статистикийг бид суурь болгож хэрэглэж байгаа. Нэгдүгээрт хэвийн буюу зээлээ төлөөд явж байгаа ямар нэгэн хугацаа хоцролт байхгүй зээл 14. Дараагийнх нь анхаарал хандуулах шаардлагатай зээл буюу бага хэмжээний зөрчил гарсан, хэрвээ зөрчлөө засахгүй бол чанаргүй ангилал руу орох 10 зээл бий. Хугацаа хэтрэлттэй график нэлээн зөрчигдчихсөн, хүндэрсэн 42 зээл байгаа. Ингээд нийт 66 зээл болж байгаа юм. Энэ 66 зээлдэгч дотор 10 нь төрийн хуулийн этгээд. 10 хуулийн этгээдээс дөрөв нь хэвийн ангилалд, дөрөв нь анхаарал хандуулах ангилал дотор байгаа. Хоёр нь чанаргүй зээлдэгчийн дотор байгаа.
Зээлийн мэдээлэлтэй холбоотой гурав дахь бас нэг анзаарах ёстой статистик бол шүүхийн шатанд явж байгаа жагсаалт байгаа. Өөрөөр хэлбэл анх чанаргүй зээлдэгчдийг зарлахад 25 орчим ААН-г шүүхэд шилжүүлчихсэн. Нэг бол шийдвэр гүйцэтгэл эсвэл дээд шүүх дээр эсвэл анхан юм уу давж заалдах шүүх дээр аль нэг шатны шүүхэд маргаж байгаа 42-оос 25-г нь шүүхэд шилжүүлчихсэн 17 нь шүүхэд шилжүүлээгүй ийм листийг зарласан.
Харин өнгөрсөн сарын хугацаанд энэ статистикт ямар өөрчлөлт орсон бэ гэхээр банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс тодорхой зээлүүдийг нэмж шүүхэд шилжүүлсэн. Банкны гүйцэтгэх удирдлагын багийн дотроос танилцуулж байгаа мэдээллүүдийг харахаар ерөнхийдөө зарим зээлүүдийг учрыг нь олчих гээд нэлээн үзсэн байсан юм шиг. Боломж олгоод бизнес нь гацчихсан бол гацааг нь хамтарч гаргах гээд шийдлээ олчхоод хэвийн ангилал орох гэж үзэж байсан боловч одоо нэгэнт зарлаад олон нийт бүгдээрээ хараад нөхцөл байдал улам хүндрээд байгаа учраас шүүх рүү шилжүүлж байгаа. Тэгэхээр нэг дэх өөрчлөлт нь шүүхэд шилжсэн тоо нэмэгдэж байгаа гэсэн үг. Хоёр дахь өөрчлөлт нь таван ААН зээлээ төлж барагдуулсан.
Жишээ нь хэвийн зээлийн ангилалд Голомт, Хаан, ХХБ-ууд байсан. Эдгээр гурван банкны хоёр нь зээлээ төлчихсөн. Нийт таван ААН зээлээ төлснөөр 50 гаруй тэрбум төгрөгийн зээл хаагдаж, зээлтэй ААН-ийн тоо 61 болж байна гэсэн үг.
Хөгжлийн банканд зээлтэй ААН-үүд зээлээ төллөө гэж цахим орчинд хүмүүс сайшаалтай хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Гэсэн хэдий ч том арав гаруй зээлдэгчид л зээлээ төлөхгүй бол үр дүн муу биз дээ?
Тийм. Том зээлдэгчид ерөөсөө зээлээ төлөхгүй байгаа. Хамгийн том 15 зээлдэгчээс хэлэлцээр хийж байгаа нэг, хоёр л зээлдэгч байна уу даа. Бусад нь санаачлагагүй, төлөлт нь тэг байна. Энэ миний хувьд хамгийн их санаа зовж байгаа асуудал. Яагаад гэвэл жижиг 10 зээлдэгчээс аваад ч тавны нэгд нь ч хүрэхгүй. Миний хувьд 10 жилийн турш зээлийн эрсдэлийн үеийн хямралын менежмент дээр ажиллаж ирсэн туршлагатай. Миний харж байгаагаар энэ банк ойрын тав, зургаан сард зээл олгох талаар яриад ч хэрэггүй ийм нөхцөл байдалтай байгаа. Зээл олгох эх үүсвэр ч байхгүй. Ийм ойлгомжгүй нөхцөлд дахиад ийм хардлагад зээл олгох нь хэр зөв, зохимжтой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Би энэ төлөөлөн удирдах зөвлөлд ганцхан зорилготой орсон. Хувь хүнийхээ хувьд юу гэж бодоод байна вэ гэхээр энэ улсын эрсдэлд орсон 1,8 их наяд төгрөгийг буцааж авах. Тэгэхийн тулд том зээлдэгчдээс л зээлээ авах ёстой. Би юун дээр тулгуурлаж ажиллах листийг гаргаад байгаа вэ гэхээр хамгийн том хамгийн өндөр дүнтэй хамгийн их асуудалтай зээлдэгчдээс л зээлээ авах учиртай. Ийм 15 зээлдэгч бий.
Энэ 15 зээлдэгч мөнгөө өгөхгүй л бол бусад зээлдэгчээс бүгдийг нь аваад хаасан ч гэсэн нэмэргүй болчихно. Яагаад гэвэл 66 зээлдэгч гэж нэрлэж байгаа боловч том 15 нь 2 их наяд шахаад ороод ирсэн дүр зураг байгаа юм.
Том зээлдэгчдээс зээлээ төлье гэж Хөгжлийн банканд хандаж, хэлэлцээр хийж эсвэл учир байдлаа тайлбарлаж байгаа ямар газрууд байна вэ?
Чанаргүй зээлийн ангилалд байгаа Монполомент групп, анхаарал хандуулах шаардлагатай зээлийн ангилалд байгаа МАК компани л зээлээ төлөх талаар яриа хэлэлцээр хийж байна.
Хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэгдүгээрт КЬЮ ЭС СИ компани буюу Д.Эрдэнэбилэг гэх нэг хүнд хамаарал бүхий хоёр зээл бий. 2012, 2014 онд авсан зээлүүд. Жирийн иргэн, ААН ийм зээлтэй байсан бол өдийд барьцаанд тавьсан хөрөнгөө алдаад эсвэл дээлээ нөмөрсөн байгаа. Гэтэл энэ компани зээлээ төлөхгүй 8-10 жил явчихлаа. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
Ер нь Кью Эс Си, Хөтөл гэх мэт удаан хугацаанд төлөгдөөгүй хэрнээ ямар ч ахиц гараагүй зээлүүдийн хувьд зээл олголтоос гадна хяналтын процессын төлөвлөх ажиллагаан дээр тодорхой хууль бус нөлөөлөл орсон байна гэж хардаж байгаа. Энэ олон жилийн хугацаанд ядаж гэрээний нөхцөл өөрчлөгдөх зэрэг зүйл байх ёстой шүү дээ. Гэтэл ерөөсөө ийм зүйл хийгээгүй. Энэ компанийн зээл маш бага төлөлттэй. Яагаад ингэж удсан бэ гэсэн чинь шүүх дээр удсан. Өөрөөр хэлбэл Кью Эс Си сая л шүүх дээр дуусаж байгаа юм байна. Бараг дээд шүүх дээр хоёр жил хүлээгдсэн. Яагаад шүүх дээр ингэж удаж буйг тайлбарлах гэхээр шүүхийн процесс Хөгжлийн банкийг төлөөлсөн этгээдүүд тухайлсан хяналт шалгалт хийгээгүй юм билээ. Тэгэхээр тийм хяналт шалгалт байхгүй байхад би хар таамгаар хэлж мэдэхгүй байна.
Кью Эс Си ХХК-ийн барьцаа хөрөнгийг хураалаа гэхэд авсан зээлтэйгээ дүйцэж чадах уу? Кью Эс Си ХХК-ийн барьцаа хөрөнгө гэж яг юу байгаа вэ?
Нийт 66 зээл дээр бидэнд гаргаж өгсөн тоо судалгаагаар 700 орчим барьцаа хөрөнгийн жагсаалт бий. Тэр дунд гурван аюултай зүйл байна. Нэгдүгээрт ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. Хоёрдугаарт түүхий эд, материал барьцаалсан байна. Гэтэл хадгалалт хамгаалалт нь яаж явах нь мэдэгдэхгүй. Гуравдугаарт бодитой эсэх нь мэдэгдэхгүй үнэлгээгээр үнэлчихсэн барьцаа байна. Кью Эс Си ХХК-ийн барьцааг яг тодорхой санахгүй байна. Гэхдээ эрсдэлтэй барьцааны жагсаалтад байгаа. Кью Эс Си ХХК төмөр зам барина гэж зээл авсан. Ямар ч байсан сайн барьцаатай жагсаалтад байхгүй.
Кью Эс Си-ийн дараа орох чанаргүй том зээлдэгч бол Төрийн орон сууцны корпорац. Яаж зээлээ төлөх вэ? Төсвийн хөрөнгөөс гаргах юм уу? Яг яагаад зээлээ төлж чадахгүй чанаргүй ангилал руу орчхов оо?
Төрийн орон сууцны корпорацын зээл дөрвөн тусдаа төсөл, арга хэмжээ байгаа. Хоёр зээл нь Буянт Ухаа 1,2-р хороолол юм билээ. ТОСК-ийн зээлээр барьчхаад Буянт Ухаа 1, 2-ыг нийгмийн орон сууц гээд түрээсээр олгочхоор зарим хэсэгт нь борлуулалт байхгүй болохоор өр төлбөр үлдчихсэн. Арилжааны зорилгоор орон сууц бариагүй нийгмийн зориулалтаар хийчхээр өр нь төрд үлдэхээс өөр аргагүй. Гурав дахь зээл нь явуулын хөдөлгөөнт цогцолбор. Батлан хамгаалахын яам авч төсөвтөө суулгаад зээлээ төлнө гэж ойлгосон. Хамгийн хүнд дөрөв дэх зээл нь Төрийн орон сууцны корпорац өөрөө зээл аваагүй “New Yarmag Housing Project” гэдэг компани зээл авсан. Тухайн компани хотхоноо барьчихсан. Хотхоноо барьсных нь дараа хотхоныг барьцаалах ёстой байсан юм. Шүүхэд хандаад зургаан удаа шүүхдээд 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр барьцаа хөрөнгийг нь шүүхээс суллачихсан юм билээ. Тэгэхээр одоо энэ хөрөнгөн дээр барьцаагүй байгаа. Шүүхээс сулласан учраас шууд тухайн барилгыг суллаад авах эрхгүй болчихсон гэсэн үг.
Төрийн нийт 10 зээл байгаа. Тэгэхээр төсвийн мөнгөөр санхүүжүүлнэ гэсэн үг үү?
Төрийн зээл гэвэл жишээлбэл дулааны цахилгаан станц дөрөв турбинуудаа өргөтгөж байгаа. ДЦС ердийн банкнаас зээл авах гэхээр маш хүнд нөхцөлтэй. Хоёрдугаарт олгогдох эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр турбиныг өргөтгөж хотын эрчим хүч, цахилгаан хангамжийг сайжруулсан. Мөн Монголын газрын тосны үйлдвэрт олгосон зээл байгаа. Үйлдвэрээ барихад дэд бүтэц, ажилчдын орон сууц, төмөр зам зэрэг ийм асуудал яригдахаар Хөгжлийн банк зээл олгосон байгаа юм. Бизнесийн өндөр өгөөж байхгүй хэрнээ зайлшгүй хийх шаардлагатай урсгал засваруудыг төсөв хүлээхгүйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа нь муу аргачлал биш.
Дараагийн чанаргүй том зээлдэгчид бол Эрэл, Бэрэн группууд байгаа шүү дээ?
Эрэл компанийн хувьд гол барьцаа нь байшин үйлдвэрлэх комбинат. Өөр бусад барьцаа байгаа. Бэрэн группийн хувьд хоёр зээлтэй. Нэг нь барилгын зээл. Хангай хотхоны тэр хавьд нэг барилга бариад заримыг цутгаад гүйцээгээгүй. Барьсан барилгадаа гэхдээ хүмүүс оруулчихсан. Манайд мөнгөө төлөөгүй гээд цаашаагаа баахан асуудал үүсчихсэн яваад байгаа юм байна. Нөгөө төсөл нь Орхон аймагт байрлалтай гангийн арматурын үйлдвэр. Үйлдвэрээ уг нь барьчихсан. Ашиглалтад ороход хөрөнгө санхүү дутагдалтай, технологийн горим өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлууд байгаа юм билээ. Зарим төслүүд байгаль цаг эсвэл коронавирус, хил гааль, технологийн нөхцөлөөс хамаараад саатсан асуудлууд байгаа юм билээ.
Чанаргүй зээлдэгчид дотор хоёр ч банк бий шүү дээ. Жишээ нь дампуурчихсан Капитал банкнаас яаж зээлээ авах вэ?
Чанаргүй зээлдэгч дотор хоёр банк байгаа. Нэг нь дампуурсан банк нөгөөх нь Чингис хаан банк. Капитал банк 55 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байсан. Капитал банкны өр барагдуулах ажиллагаа ийм зарчмаар л өрөө барагдуулна. Хүлээн авагч очоод хуучин бүх зээлийн мөнгийг цуглуулах үйл ажиллагаа хийж байгаа. Хүлээн авагч дээр мөнгө ороод ирэхээр дараалал үүсгэчихсэн. Тэр дараалалд хөгжлийн банкны өр 10 хэдэд бичигдэж байна лээ. Тэр үед л өрөө авна гэсэн үг. Харин Чингис хаан банкны хувьд дамжуулан зээл байсан. Анхны шаардлагаар буцааж өгч чадахгүй чанаргүй ангилалд орсон.
Анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалт гээд 10 компанийн нэр байна лээ. Эндээс харахад анхаарал хандуулна гэхээр яг ямар доголдол үүсчхээд байгаа юм бэ? Ханшийн зөрүү эсвэл коронавирусээс болчхоод байгаа юм уу?
66 зээлтэй холбоотой материалуудыг өнгөрсөн хугацаанд нэлээн сууж үзлээ. Тэгэхэд ковид бодитойгоор нөлөөлсөн ч төслүүд байна, огт нөлөөлөөгүй ч төслүүд байна. Гэхдээ нөлөөлсөн ч бай, нөлөөлөөгүй ч бай бараг бүх төслүүд ковидоос боллоо гэдэг бичгийг бүгд ирүүлсэн байна. Гэхдээ ковид зогсоосон гэдэг үндэслэлээр анхаарал хандуулах үндэслэлийг гаргадаггүй юм байна лээ. Анхаарал хандуулах зээлийн жагсаалт яаж гардаг вэ гэхээр төлөлттэйгөө холбогдож гардаг. Жишээлбэл энэ сард 30 саяыг төлөх байтал 25 саяыг төлөөд 5 сая нь үлдчихсэн. Ийм зөрчил гараад 3, 4 сар болоод арай удаагүй байгаа, засчих магадлалтай хэсгүүдээ анхаарал хандуулах зээлд оруулдаг юм байна. Харьцангуй бага зөрчилтэй, харж байгаад засчхаж магадгүй ийм хэсэг. Тэгэхээр шар гэдэг бол ирээдүйд эрсдэлд орж магадгүй гэсэн үг.
Одоо нэг ноцтой асуудал байна л даа. Энэ чанаргүй зээлдэгчдийг шүүхэд өгчихсөн, шүүхийн шийдвэрээ хүлээх зуур бид гадаад өрөө 2023 оноос эхэлж төлнө. Шүүхийн процесс дунджаар 28 сар орчим болж байгаа үед бид энэ гадаад өрөө ямар мөнгөөрөө төлөх юм бэ?
Банктай холбоотой хүмүүсийн гол санаа зовж байгаа асуудал бол яг энэ төлөлтийн асуудал байгаа. Гэхдээ нэг бүрчлэн ингэж төлүүлнэ, төлнө гэдэг стратегиа ярих нь банкандаа хохиролтой. Явж байгаа аргачлалаа дэлгээд эсрэг талдаа бултах боломж олгохыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч илүү сайн аргачлал, хувилбараар явж байж энэ зээлийн ард гарна. Тэрний нэг хэсэг нь олны хяналт.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА