Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ийнхний төлөөлөлтэй уулзана.
Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан, цагдаагийн цалинг нэмж, илүү цагийг олгодог болгохыг энэхүү групптээ бичиж хүссээр байсан юм. Ингэхдээ, “Цагдаа нарыг цагаан сарын бүх өдрүүдэд ажиллуулсан хэрнээ, цалинг нь бүх нийтийн амралт гээд бодож өгдөггүй. Энэ мэт хөдөлмөрийн мөлжлөгийг халж өгнө үү” гэжээ.
Үүний хариуд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.
Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа” гэлээ.