Монголын үндэсний сурын харвааны сарамбайн үзүүлэх харвааны тэмцээн “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд боллоо. Тэмцээнд 21 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Засагт хан” клубийн харваач Ц.Булган алтан медаль хүртлээ.
Түрүү харваач Ц.Булган нь үндэсний сур харвааны спортоор найм дахь жилдээ хичээллэж байгаа. Тэрбээр 2016 оны нээлтийн харвааны түрүү, 2016 оны УАШТ-ий алтан медаль, 2017 оны Улсын баяр наадмын IV, 2020 оны Улсын баяр наадмын V байр эзэлсэн, спортын мастер цолтой. Ц.Булганы хувьд бар жилийн анхны сарамбайн харвааны тэмцээнд 17 оноо авч түрүүлжээ.
Тус тэмцээнд дэд байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Энхмандах, гуравдугаар байрт “Зуун мэргэн” клубийн тамирчин, дархан мэргэн Х.Оюунчимэг, дөрөвдүгээр байрт “Петровис” компанийн тамирчин Б.Отгонжаргал, “Зуун мэргэн клубийн харваач Д.Бадамхорлоо нар эхний таван байрт шалгарлаа.