Баян-Өлгий аймагт амьдардаг Казахстан улсын харьяат иргэнээс ДОХ илэрчээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг тус иргэнийг илрүүлж, ДОХ-той гэдгийг нь тогтоосон байна. Харин тухайн иргэн шинжилгээ өгөхгүй цааргалах зэргээр хэд хэдэн эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаагийн байгууллагатай хамтарч, шинжилгээг авсан ба бусдад ДОХ-ын вирусыг санаатай тараасан байж болзошгүй гэж үзэн Баян-Өлгийн цагдаа шалгаж байгаа аж. Одоогоор тухайн хүнтэй бэлгийн хавьталд орсон нэг эмэгтэй тогтоогдсон тул шинжилгээ авчээ.
Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасны дагуу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомстлын вирусийг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг юм. Энэ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.