КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн реппер Маараа буюу Б.Амархүүг бид “Гашуун яриа” нэвтрүүлэгтээ урилаа. Түүний хувьд сургуулиа төгсөөд Солонгост “хар” ажил хийж, олсон мөнгөө уран бүтээлдээ зориулдаг байжээ. Ингэхдээ бусдын магтаалд ташуурч, хэсэгхэн хугацаанд өөрийгөө “ертөнцийн төв мэт” санахдаа, алдаа гаргаж, бүтээсэн амжилтаа үгүй хийж байсан талаараа ярилаа.
-Нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Манай уншигч, үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Батцэнгэлийн Амархүү байна. Миний хувьд багаасаа л шүлэг бичиж, хип хоп хөгжим сонсдог хүүхэд байсан. Энэ зүйлийг хийх ёстой юм байна гэдгээ багаасаа л мэддэг байсан гэсэн үг. Анх дуунуудаа хийчхээд хүмүүст сонсгохгүйгээр дарчихсан. Өөрөө л сонсдог байлаа. Хүсээд зориод явах юм бол бүх зүйл цаанаасаа бүтээд ирдэг. Би хоёр цомог хийсэн. Нэг нь “Миний хэлэх үгийг сайн сонс” гээд. Сүүлд Солонгост “Яая даа байз” гээд цомог хийсэн байгаа. Ийм л залуу уран бүтээлч байна.
-Яагаад Солонгос явах болсон бэ?
-Одоогоос таван жилийн өмнө явсан. Ийшээ тийшээ явж юм үзэх хэрэгтэй гэж бодсон юм. Хүний газар очсон юм чинь ажил хийх ёстой. Хэлийг нь сурах ёстой шүү дээ. Барилга дээр ажиллах гэх мэт хар бор ажил голохгүй хийсэн. Үүрийн 4 цагт босоод л ажилдаа явна. Би ер нь ажил голохгүй хийдэг. Анх юу ч хийж чадахгүй байсан бодохоор бүгдийг эхнээс нь суралцсан. Хүний газарт намайг хэн ч танихгүй шүү дээ. Намайг тэнд тавчиктай явж байна уу, куртиктэй явж байна уу хэн ч тоохгүй. Ингээд ажил хийгээд явж байхдаа хааяа юу ч хийгээд байгаа юм гээд бодох үе бий. Тэгээд л би энд дахиад уран бүтээлээ хийх ёстой гэж бодсон. Солонгост байдаг мундаг Монгол залуусаа олж танилцаад өөрийн "эзэнт гүрнээ" босгосон. Зүгээр л хар ажил хийдэг байсан бол нууцаар видео эдит хийдэг найзтай болсон. Улмаар ажил хийсэн мөнгөөрөө дандаа дуугаа хийдэг болсон.
-Юм үзэх гэж явсан гэж байна. Юу юу үзэв дээ?
-Өө амьдрал ийм байдаг юм байна. Ажил хийж, хөлс гарна гэдэг нь энэ юм байна гээд их зүйл сурсан. Маш хэцүү санагдах үе бий шүү дээ. Ядаж байхад зун Солонгост маш халуун. Хөлс гараад л, орой нь хөлсөө гаргаж ажилласан мөнгөө авна гэдэг гоё мэдрэмж. Амьдралын дөртэй болсон гэх юм уу даа.
–Таныг хүлээж авах олон нийтийн хандлага хэр байдаг вэ?
–Хүмүүс надад их ам сайтай байдаг байсан. Тэгээд жаахан их зан суусан хэрэг. Залуухан 22-23-тай л хүүхэд гүйж байгаа шүү дээ. Өөрийгөө жаахан их юманд бодож эхэлдэг л юм билээ. Бусдаас илүү мэт мэдрэмж аваад эхлэхээрээ хүмүүстэй буруу харьцана. Би л лаг байвал бусад нь надад хамаагүй гэдэг болж эхэлж байгаагаа өөрөө мэдэхгүй яваад байсан. Хүмүүсийн хэлдгээр хамрандаа баас түрхчихсэн. Нэг л лаг хүн. Яг үнэндээ бусдаас юугаараа ч ялгаагүй мөртлөө их юманд бодож явахдаа нэг алдаж байсан. Уучихсан үедээ лайв хийсэн. “Монголд ямар ч од байхгүй” гээд л. Хамгийн сайн, хамгийн мундаг, хөөрхөн гэгдэж байсан Маараа, маргааш нь шалаар дүүрэн Маараа болчихсон байсан./инээв/ Нөгөө тэнгэрийн амьтан хөрсөн дээрээ бууж ирээд өөрийгөө хэн гэдгээ мэдэрч эхэлсэн гэх юм уу даа.
–Таны алдаа гэж үзэж буй энэ зүйлээс та юу ойлгосон бэ?
–Хүмүүстэй хамаагүй харьцаж болдоггүй юм байна. Өөрийгөө их юманд бодож болдоггүй юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа юм. Одоо тэнгэр газраа хослуулсан болохоор энэ нь ийм, тэр нь тийм гээд ялгаж салгана. Өөрийнхөө маш гоё бүтээсэн нэр хүндээ шалаар нэг унагаах аймар л байсан. Би юу хийчхэв ээ гээд л. Зүгээр л утсаараа хийж байсан лайв маргааш нь тийм их хүнд хүрнэ гэж би мэдээгүй байсан. Өөрийгөө тийм од гэдгээ ч мэдээгүй байсан. Тэр үед манай эмээ бурхан болчихсон, стресс, бухимдалтай үе байсан юм. Түүнийгээ жаахан буруу гаргасан. Тэр бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа. Тэр өдрийг тархинаасаа авч хаяхыг хүсдэг. Сануулга л гэж хардаг. Чи өөрийгөө ертөнцийн төв гэж бодох юм бол яг үнэндээ ертөнцийн хамхуул, тоос шүү гэдгийг ойлгосон доо.
–Гэхдээ хүнд алдах үе байх хэрэгтэй байх тийм үү?
–Алдаа нь шинэ амьдралын эхлэл ч байж магадгүй. Нэг унахдаа босохоор хүчтэй байх ёстой. Унасан бол дахиж босож зүтгэх хэрэгтэй гэсэн үг.
–Ингэхэд эмээтэйгээ уулзаж чадаагүй байх нь ээ?
–Эмээтэйгээ уулзаж чадаагүй. Хол байхад алга болчихдог юм билээ. Би эмээ дээрээ өссөн. Эмээг өнгөрсөн гэдгийг манай аав, ээж надад хэлээгүй. Ээж маань сүүлд надад хэлсэн юм. Хол байгаа болохоор сэтгэл санаа нь хувирах байх гээд ээж нь нуусан юм аа гэсэн.
Гомдсон гомдох үе байдаг ч аливаа зүйлд тэгтлээ гомдоод байдаггүй. Ийм юм болчихлоо. Маргааш шинэ нар гарна. Өнөөдөр болоод, юм цааш үргэлжилнэ гэдгийг мэддэг болохоор гомдоод байх шаардлага байхгүй.
–Ойрын зорилго юу байна?
–Ирэх зун миний шинэ цомог, шинэ клипүүд гарна. Дархан, Эрдэнэт, Хөвсгөл гээд аялангаа өөрийнхөө бяцхан үдэшлэгийг хийгээд явна.
–Манай үзэгч уншигчдад хэлэх зүйл байна уу?
–Бүгдээрээ анх удаа амьдарч байгаа юм чинь нэгнийгээ хүндэлж хайрлацгаая. Сайнтай муутай, хүний амьдралд жаргал зовлон бүх л юм байгаа. Тэр болгоныг нь сайхан ойлгоод , унасан үед нь дээрээс нь гишгэх биш гараа өгөөд татах бие сэтгэлийн хүчийг гаргаж яваарай.