Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж бусдыг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.
Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр "Сэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Г нь 2020 оны 3-6 сарын хугацаанд бага насны, амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж бусдыг төөрөгдүүлж оруулсан. Улмаар хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
Иймд иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан, тусламж гуйсан хүсэлтийг нягталж, боломжтой бол өөрийн биеэр очиж хандив өргөж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв