Энэ сарын 17-нд Дэчинравжайлин хийд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын 24 хүрээ хийдийн тэргүүн ирж үг хэлэн ном хурав. Энэ үеэр бид Гандантэгчилэн хийдийн лам С.Баянбатаас хийдийн талаарх мэдээллийг авлаа.
Тэрбээр, “БЗД-ийн нутаг дэвсгэр дээр 2008 онд Монголын бурхан шашинтны Дэчинравжайлин гэж гэр дуган бариад, нийт 10 орчим ламын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 1500 метр квадрат бүхий шинэ дуган сүмээ барьж, оны өмнө ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтээ хийж байна.
Анх байсан 10 лам маань өндөр настай хүмүүс байсан. Улмаар орчлонгийн мөнх бусыг үзсэн. Залуу шинэ лам нар авсан байгаа. Мөн Энэтхэгт манайхаас 5-6 хүүхэд сурч залуу лам нар боловсролоо эзэмшиж байна. Энд 10 гаруй лам нар хурал номоо залгуулаад хичээл сургалтаа хийнэ. Нэг үеэ бодоход эрдэмтэн лам нар олон болж байна шүү дээ. Урдаас гавж гэвш мяндагтай эрдэмтэн лам нар маань их ирж байгаа учир тэднийгээ залж, хийд маань маш олон хүнийг хамруулсан, зөвхөн сүм хийдийн чиглэлээр биш бясалгал, буддизмийн танин мэдэхүйн сургалт хичээлийг анхан шатнаас авахуулаад дунд гүнзгий шат хүртэл нь явуулна. Энгийн сүсэгтнүүд ч мөн адил хамрагдана. Хүний энэрэх сэтгэл бодь сэтгэлийг л анхан шатанд заана. Хүн яаж бясалгаж, өөрийгөө зөв хүмүүжүүлэх чухал. Бурхны шашны гүн философи ярихаас илүү энгийн, эцэг эхээ, дэргэдэх хүнээ, амьд амьтныг хайрлах хүндлэхээс эхлэх учир үүнээс эхлээд аль ч сүм хийдэд сургалт явагддаг” гэв.
Харин хийдийн дэд хамба С.Мөнхбаяр,
“Өмнөх дуган маань орчин үеийн чанар шаардлагад тэр болгон нийцэхгүй болохоор бид орчин үеийн барилгын тогтоц бүхий бат бэх, үзэсгэлэнтэй, тав тухтай, сүсэгтэн олон ирээд буян номынхоо үйл ажиллагааг хийх, лам хуврагууд бид хурал номоо хурахад таатай сайхан дуган барилаа.
Бид төрийн бус шашны байгууллага. Олон нийтийн тусламж, ААН-үүдийн хандив, сайн санаат хүний буяны үрээр дуганаа босгосон” гэв.