Нэгдүгээр сарын 26-нд БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 7 давхраас гурван настай хүүхэд, эвдэрхий лифтний хаалга түшин зогсож байгаад унаж, амиа алдсан. Үүнтэй холбогдуулан бид энэ долоо хоногт хүүхэд “залгисан” лифт эвдэрхий хэвээр дараагийн хохирогчоо хүлээж буй талаар сурвалжилсан. Ингэхэд тухайн байрны СӨХ-ны ажилтан гэх н.Цэцгээ, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбо дүүргээс лифт засварлахаар төсөвлөсөн 45 сая төгрөгийг “идсэн” гэж мэдээлсэн юм. Бид энэ асуудлаар түүнээс тайлбар мэдээлэл авлаа.
-Яагаад байрны лифт засварлах төсвийг дүүргээс гаргах болсон тухайд эхлээд тайлбарлаач?
-Тухайн 86 дугаар байр бол БГД-ийн 18 дугаар хорооны байр мөн. Намайг 2020 онд ИТХ-ын сонгуульд нэр дэвшихэд л лифтний асуудалтай байсан.Тухайн үед СӨХ-ны дарга н.Эрдэнэбаатар гэдэг хүн ирж уулзаад, манай байрны СӨХ хэцүү болчихсон. Төлбөрөө өгдөг хүн байхгүй. Байрны лифт хэцүү болчихоод байгаа. 12 давхар байр шүү дээ. Манай байранд ганц хэрэгтэй юм лифт л байна гэж ярьсан. Би дүүргийн иргэдийн хуралд сонгогдвол энэхүү байрны лифтийг бүх боломж бололцоогоо ашиглаад засаж өгөхийг бодно. Хичээнэ ээ гээд амласан юм. Ингээд 45 сая төгрөгийг засварын ажилд төсөвт тавиулсан. Энэ мөнгийг төлөөлөгч захиран зарцуулдаг юм биш. Хүмүүс төлөөлөгч нь тавиулаад л түүнийгээ авдаг, “идчихсэн” ухааны юм яриад байгаа юм.
-Төсөвлөгдсөн юм бол яагаад одоог хүртэл засварлаагүй юм бэ?
-Тэрхүү лифтийг засварлах тендер зарлагдсан байгаа юм. Нэг ч компани ороогүй гэх мэдээ надад тухайн үед өгсөн. Дахиад тендер зарласан. Засварын төсөв бага байна гэж мэдэгдсэн. Тэгвэл төсвийн тодотголоор оруулаад төсвийг нь нэмээд засъя аа гээд дахиад дүүргийн хурал дээр хэлсэн юм. Ингээд төсөв нэмэгдсэн. Мөн л дахиад тендер зарлана гээд хоёр сард зарласан юм билээ.
-Хүүхдийн амь нас үрэгдчихээд байхад хариуцлага хүлээх нь битгий хэл дахин тийм хэрэг гарах вий гээд сэрэмжлэх хүн алга байна. Үүнийг яах ёстой юм бэ?
-Үүн дээр хэн ч хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагаас бултах эрх байхгүй. Нэгэнт би нэр холбогдсоных ар гэрээс уучлал гуйх нь зөв. Бүгд бултаад байгааг нь би ойлгохгүй байна.
-Цаашид яах вэ?
-Би 18 дугаар хорооны засаг даргатай уулзсан. Яаралтай хорооноос нь хяналт тавиад, энэ байрыг СӨХ-той болгохоор ажиллана. СӨХ-ны хурал энэ сарын 19-нд дахиж хийхээр яригдаж байгаа. СӨХ-ны дарга, удирдах зөвлөл, тэргүүлэгч гэдэг хүн гараад ирнэ гэсэн үг. Тодорхой болох нь байна шүү дээ. Тэр үед нь оршин суугчидтай уулзаж СӨХ-ны мөнгөө өгөхийг шаардах нь зүй.
Дүүргийн засаг даргатай ярилцахад, дүүргийн нөөц хөрөнгөөс энэ сардаа шинэ лифт тавих төсөв гаргана гэж мэдээлэл өгсөн. Яаралтай арга хэмжээ авахаар болсон гэсэн үг. Миний хувьд 2020 онд дүүргийн иргэдийн хурал дээр ярьсаар байгаад төсөвлүүлсэн мөнгө бол уг нь нөгөө орцных нь лифт юм. Дахиж хэзээ ч ийм асуудал үүсгэхгүйгээр зохицуулна. Зохицуулах ёстой. Дүүргээс төсөв гарна уу, хэнээс гарах нь одоо сонин биш болчихсон шүү дээ.