"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас баривчлан саатуулжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулж, иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр 15:00 цагийн орчимд Энхтайваны гүүрний хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоогоос баривчилжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны нэгдүгээр орцонд тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Ч.Мөнхбаярын хувьд “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж байв.
Ч.Мөнхбаяр өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны Лхагва гарагийн 16.14 цагт цахим хуудастаа хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Болд, Ж.Батзандан нарын зурагтай пост оруулжээ.
Тагнуулын ерөнхий газраас маргааш иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.