Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар гал түймрийн 366, аврах ажиллагааны 23 буюу нийт 389 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 413 иргэнийг гаргаж, 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.
Харин ослын дуудлагуудаар 23 иргэний амь насыг авран хамгаалав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Иймээс иргэд та бүхэн гал түймрийн аюулаас сэрэмжилж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх