Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг энэ сарын 15-ны өдөр хүртэл Татварын алба, хэлтсүүд хүлээн авсан. Тайлан илгээсэн иргэдийн материалыг шалгах процессын талаар тайлбар өглөө.
Тодруулбал иргэдээс ирүүлсэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайланг гуравдугаар сарын 15-ны дотор татварын улсын байцаагч шалгаж хүлээн авдаг байна. Энэ хугацаанд шаардлага гарвал улсын байцаагч иргэдтэй холбогдоно. Ингэхдээ тайлангийн маягтын /ТТ-06/ доорх сэтгэгдэл хэсэгт яагаад засварлах шаардлагатайг тайлбарлан тайланг танд буцаах аж. Ингэсэн тохиолдолд тайлангаа засварлан буцааж илгээх юм байна.
Харин цахим системд "Хуваарилсан" төлөвт байвал таны тайлан улсын байцаагчид шалгагдахаар хүлээгдэж буйг илтгэх бөгөөд шалгаад дуусангуут "Хүлээн авсан" төлөвт шилжинэ хэмээн Татварын ерөнхий газраас тайлбарлав.