Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдахаар тэнцсэн 400 гаруй хүүхдэд захиа, даалгавар гардууллаа.
"Илгээлт-2100" хөтөлбөр нь сум, хороо бүрээс Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өнөөдөр оноо авсан нэг сурагчийг шалгаруулж дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг олгох юм байна.
Журамд зааснаар харьяа сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурван жилээс багагүй хугацаанд суралцсан, математик болон гадаад хэлний хичээлийн шалгалтын дундаж оноогоор тэргүүлсэн хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана.
Захиа, даалгавар гардуулах арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Амьдралд хөл тавьж буй энэ чухал үедээ авьяас билэг, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар амжилтын буухиагаа ахиулж, олон улсад нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцах үүд хаалга та бүхний өмнө нээгдэж, дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай хөл нийлүүлэн алхаж, мөр зэрэгцэн суралцахад тус дэм болох бэлтгэл хөтөлбөрт хүлээж байна.
Та бүхэн бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, болзлоо хангаж, эрдмийн их аянд сурах их хүслээр мордох болно. Эрдмийн гэгээн аяндаа төр засаг, ард олныхоо итгэл найдварыг дааж, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ сургаалыг дээдлэн санаж явахыг эрхэм хүүхдүүддээ хичээнгүйлэн захья.
Та бүхний зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ шингээсэн мэдлэг боловсрол насан туршийн чинь өв хөрөнгө, Монгол Улсын үндэсний үнэт баялаг байх болно" гэлээ.