Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2021 онд урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 43 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 (14.9%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 (1.4%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
Харин ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж, өмнөх улирлаас 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн.
Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын дэд бүлгийн түвшинд, аж үйлдвэр, барилгын салбарын ажиллагчид (18.9 мянгаар), Хөдөө аж ахуйн салбарынх (4.6 мянгаар) тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарынх (14.6 мянгаар) өссөн байна.
Мөн өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна.
Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн" гэв.
Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.