Бразилын Рио-де-Жанейро мужийн уулархаг бүсийг дайран өнгөрсөн үерт амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Мягмар гарагт Петрополис хотод гурван цаг үргэлжилсэн аадар борооны дараа хөрсний нуралт үүсжээ. Рио-де-Жанейро мужийн захирагч Клаудио Кастро 400 гаруй хүн орон гэргүй болсон гээд "Нөхцөл байдал бараг л дайн шиг байна. Машинууд шон дээр өлгөгдөж, хөмөрч, маш их шавар, устай хэвээр байна" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгт автомашин, байшингууд хөрсний гулгалтын улмаас урсаж, Петрополис болон зэргэлдээх дүүргүүд үерийн усанд автсан байдлыг харуулжээ.
Мужийн Globo телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гал сөнөөгчид хараахан нэвтэрч чадаагүй газруудад орших хөрсний нуралтын шаварт дарагдсан байшингуудыг үзүүлжээ "Энэ үнэхээр аймшигтай. Бид ийм зүйлийг хэзээ ч төсөөлж ч чадахгүй байсан" гэж тус хэсэгт оршин суугч Элизабет Лоуренко Франс Пресс агентлагийн сэтгүүлчид хэлсэн байна.
Мягмар гарагт Петрополис орчимд гуравхан цагийн дотор 25.8 сантиметр (10 инч гаруй) бороо орсон нь өмнөх 30 хоногийн хур тунадасны хэмжээтэй бараг тэнцүү гэсэн үг юм.
Бороо ширүүсэх үед уулнаас асар их хэмжээний шавар буун ирж, модны мөчир айлын байшингууд дээр унажээ. Үерийн улмаас үүссэн эвдрэлийг сэргээн босгох ажил үргэлжилж байна.
Тус улсын Гал унтраах албаны мэдээлснээр 180 гаруй цэрэг дайчлагдсан байна. Энгийн иргэд мөн албан ёсны сэргээн босгох ажилд нэгдсэн аж.
Мужийн Засаг дарга Кастро үер, хөрсний нуралтад амиа алдсан хүмүүсийг оршуулах газрыг ухахад туслахын тулд мужийн захиргаанд харьяалагдах бүх хүнд машин техникийг цуглуулж байгаа гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Aljazeera