Олон нийтийн эрх ашгийг зөрчиж, нийтийн эдэлбэр бүхий 584 метр квадрат газрыг Камдер ХХК хувьдаа ашиглан, явган хүн зам байх ёстой газар машины зогсоол барьсан. Иргэд тэр хавиар алхах зориулалтын замгүйн улмаас наад зах нь осолд орж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байна. Энэ эрсдлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар нүдэн балай чихэн дүлий явж, хуулиас давсан эрх мэдэлд ташууран, даварсаар байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх хугацаат шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх эрх бүхий байгууллага нь НМХГ. Бид үүнтэй холбоотой асуудлаар тус байгууллагаас тайлбар авахаар очиход, хяналт шалгалт хийсэн байцаагч нар үүнийг судалж байгаад яриа өгнө гэв. Өөрөөр хэлбэл мэдэж байх ёстой ажлаа мэдэхгүй төөрөгдүүлсэн, ам таглах гэж ядсан арга хэрэглэв. Шийдвэрлэх түвшний байгууллагууд хэлбэр төдий арга хэмжээ авчхаад, цаас хүргүүлсэн гэдэг байдлаар хандан өдийг хүрчихлээ гэсэн үг.
Олон нийтийн эрх ашигт халдсан илт ийм асуудлыг сунжруулж буй шалтгаан юу вэ? УИХ-ын гишүүний компани байгаа учраас арга хэмжээ авч чадахгүй байна уу?
Уг нь НМХГ, Цагдаагийн байгууллагаас энд хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж байна гэдэг дүгнэлт гаргаж байсан юм. Бид 2021 онд тухайн асуудлыг хариуцаж, хяналт шалгалт хийсэн гэх улсын байцаагч Т.Эрдэнэболороос энэ талаар тодруулга авлаа. Тэрбээр, “2013 онд уг барилгыг улсын комиссын актаар хүлээж авсан байдаг юм билээ. Миний бие 2021 онд иргэнээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн. Ингээд Зөрчлийн тухай хэрэг нээж прокурорт хянуулах явцад захиргааны хэргийн шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөл тогтоогдсон. Тиймээс зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болоод хэрэг хаагдсан байгаа. Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн зүйл заалт бий. Үүний дагуу л ажилласан” гэв.
Ийнхүү ярихдаа, шүүхээр хэлэлцэгдэж буй асуудалд мэргэжлийн хяналтаас давхар шалгалт явуулах боломжгүй гэх агуулга бүхий зүйл ярьсан юм.
-Камдер компани нийтийн эдэлбэр газрыг дээрэмдсэн байна шүү дээ. Үүн дээр НМХГ яаж ажиллах ёстой юм бэ?
-Өмнө манай авто замын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг юм билээ. Дүгнэлтээр авто замын тухай хуулийг зөрчсөн гэж гарсан.
-Дүгнэлт гаргаад л явдаг юм уу? НМХГ бусад компаниудын энэ мэт зөрчлийг арилгахаар хугацаа өгч, биелүүлэхгүй бол албадан буулгадаг юм билээ. Яагаад энэ олон жилийн хугацаанд НМХГ-аас ийм арга хэмжээ аваагүй юм бэ?
-Түрүүн хэлсэн зөрчлийн тухай хуулиар манайх арга хэмжээ авах үндэслэлтэй. Манай дээр дахиад гомдол мэдээлэл ирэх юм бол шалгаад, тодорхой хариу өгөх байх. Шүүхийн шийдвэрт үндэслэж ажиллана. НМХГ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг.Төлөвлөгөөт шалгалтад энэ асуудал багтаж болох байх. Гэхдээ багтаагүй.
Улсын байцаагч Т.Эрдэнэболорын өгсөн мэдээлэлд, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болно. Нэг ёсондоо шүүх дээр хэлэлцэгдэж буй бол НМХГ оролцох боломжгүй гэсэн ба энэ талаар хуульч А.Базараас асуув. Тэрээр дээр дурдагдсан зүйл заалт бүхий хууль бол өмнө нь торгосон бол дахиж торгохгүй гэх агуулгатай заалт байна. Шүүхээр хэлэлцэгдэж байгаа асуудалд НМХГ оролцохгүй гэсэн зүйл огт байхгүй гэсэн юм.
Энэ мэтээр аргацаасан тайлбар өгч, иргэдийн эрх ашгийн төлөө төр өөрөө эс үйлдэл гаргасаар. Төрд ард түмнийг төлөөлж буй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь явган хүний замыг ч үлдээлгүй дээрэмдсээр.