Оросууд Украин руу довтлох магадлал өндөр байгаа гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден онцлоод "асар их хохирол амсах болно" гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украйнд халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа гэсэн асуудалд үргэлж үгүйсгэсэн хариулт өгч, Орос улс Европт дахин дайн хийхийг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч ОХУ Украины хил залгаа газарт арван нэгдүгээр сараас хойш хурцадмал байдал нэмэгдсээр байгаа юм. Орос улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин улстай соёл, түүхийн гүнзгий харилцаатай.
АНУ-ын ерөнхийлөгч Байден Оросын засгийн газартай дипломат харилцаагаа үргэлжлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэн, Украинд хийсэн аливаа түрэмгийллийн хариуд өөрийн улсаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан тохиолдолд эрчим хүчний хангамж тасалдаж, үнэ өсөхөд Америкийн эдийн засаг хохирч болзошгүйг анхааруулсан юм. “Америкийн ард түмэн ардчилал, эрх чөлөөг хамгаалах нь үнэгүй зүйл биш гэдгийг ойлгодог. Бидэнд энэ нь ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн дүр эсгэж чадахгүй” гэж хэлсэн. Тиймдээ ч АНУ-ын Засаг захиргаа эрчим хүч үйлдвэрлэгчид болон тээвэрлэгчидтэй хамтран болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай тусламжийн төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттер хуудсаараа дамжуулан Оросоос "холимог дохио" ирж байна. Учир нь Их Британийн тагнуулын алба хилийн ойролцоо Оросын хээрийн эмнэлгүүдийг барьж байгааг харуулж байгаа. Үүнийг зөвхөн "халдлагын бэлтгэл гэж ойлгож болно" хэмээн жиргэсэн.
ОХУ-ын арми, зэвсэглэлийн байрлал
Зургийн тайлбар: ОХУ-ын арми, зэвсэглэл хаана байрлаж байна вэ? Хар дөрвөлжин: шинээр ирж байршсан хэсгүүд Хар гурвалжин: ОХУ, Беларусын хамтарсан цэргийн сургуулилтын хэсэг, Улаан дугуй: байнгын бэлэн байдалд байгаа хэсэг, Troops: цэргийн хэмжээ. ОХУ Кримийг 2014 онд нэгтгэсэн
Зургийн эх сурвалж: Rochan Consulting, Maxar, хоёрдугаар сарын 15, 2022 он
Германы канцлер Олаф Шольцтой дөрвөн цаг үргэлжилсэн уулзалтын дараа “Орос улс дайныг хүсэхгүй байна. Бид ийм зүйлийг хүсэхгүй байгаа учраас хэлэлцээрийн үйл явцын талаар санал дэвшүүлсэн" гэж байв. Мөн НАТО Оросын аюулгүй байдлын “үндсэн” асуудлыг шийдэж чадаагүй гээд Украины НАТО-д элсэх асуудлыг одоо шийдэхийг шаардаж байна гэж эрс шийдэмгий мэдэгдсэн.
АНУ, ОХУ-ын ерөнхийлөгчид ийм мэдэгдэл хийж байхад нөгөө талд Украины ерөнхийлөгч В.Зеленский эх орноосоо дүрвэсэн төрийн албан хаагчид, улс төрчид, бизнесменүүдийг 24 цагийн дотор эх орондоо буцан ирж Оросын түрэмгийллийн эсрэг эв нэгдлээ харуулахыг уриалав. АНУ болон Их Британи, барууны бусад орны эрх баригчид иргэдээ Украин улсыг орхин явахыг анхааруулж эхлэхтэй зэрэгцэн Украины улс төрч, бизнесменүүд өнгөрсөн долоо хоногт дүрвэцгээсэн аж.
Зөвлөлт Холбоот Улс задарсан явдал оросуудын хувьд доромжлол, хүчин мөхөстсөн байдлын илрэл болон өнөөг хүртэл эмзэг сэдэв нь байсаар ирсэн. Нөгөө талд НАТО-г эсэргүүцдэг Кремлийн байр суурийг үл хайхран тус эвсэлд элсэх бодолтой байгаа Украинчуудыг номхтгож авах нь Оросуудын хүч чадалтай байгаагаа илэрхийлэх нэг хэлбэр гэж үзэх шинжээчид ч бий. “Украин бол Орос гэх гүрний нэг хэсэг” гэх үзэл нь ерөнхийлөгч В.Путины зарим мэдэгдлээс шууд уншигддаг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч тус хоёр улсын хямрал өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэхгүй байгаа юм. НАТО, АНУ, Барууны улсуудыг түшиж буй Украин руу довтлохыг хүсэхгүй байна, бид дайтахгүй гэж мэдэгдсэн ч хилийн дагуух цэргээ буцаан татахгүй байгаа нь Кремлийн далд санаа юу болохыг баталсаар байгаа.
1997 оноос хойших НАТО-ийн өргөжин тэлсэн байдал
Зургийн тайлбар: 1997 оноос хойшх НАТО-ийн өргөжин тэлсэн байдал, Цэнхэр дөрвөлжин: 1997 оноос хойш НАТО-д элссэн, Шар дөрвөлжин 1997 оноос өмнө НАТО-д элссэн
- Эстони
- Латви
- Литви
- Польш
- Чех
- Словак
- Унгар
- Румин
- Словени
- Хорват
- Монтенегро
- Албани
- Өмнөд Македөни
- Болгар
Орос, Украины хямрал дайн болон хүндрэх нь тус хоёр улсад төдийгүй хямралыг зохицуулахыг зорьж буй дүр эсгэж буй АНУ тэргүүтэй улсуудад ч хор хохирол авчирна. Гэхдээ хэн нь ч Орост Украиныг зүгээр өгөхийг хүсэхгүй, энэ бол тэдний хувьд Оросын хүч чадал, нөлөөг хүлээн зөвшөөрч буйгаас ялгаагүй үйлдэл болно. Магадгүй ОХУ болон АНУ тэргүүтэй бусад орны дунд улсынхаа ирээдүй, ард иргэдийнхээ амь амьдралаар хохирч болзошгүй нөхцөлд орсон Украинчууд энэ тоглоомын хамгийн өрөвдөлтэй басхүү хамгийн хүчгүй хэсэг нь болж байна. Хэн ч тэдний жинхэнэ ирээдүйд анхаарах бус зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө хамгаалсан байр суурь илэрхийлж байгааг мэдсэн ч юу ч хийж чадахгүй нөхцөл байдал хааш эргэхийг хүлээж суугаа биз.
Зургийн эх сурвалж: Rochan Consulting, Maxar, хоёрдугаар сарын 15, 2022 он