Сассексийн гүн Харри үеэл Южины хамт Super Bowl үзэж байгаад папараццийн дуранд өртжээ. Үүнээс улбаалж, Холливуд болон спорт, урлагийн одод үзэгчдийн суудлыг нь дүүргэдэг Super Bowl –д эхнэр Меган Марклаа орхин ирсэн ханхүү Харриг шүүмжлэх хүмүүс твиттер сүлжээнд олон байлаа.
SoFi цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай зочдын суудлаас тоглолтыг шимтэн үзэх ханхүү Харри, түүний үеэл Южин нар энгийн даруухан хувцаслаж, амны хаалт зүүсэн байсан ч папарацичид таньж зургийг нь дарж олон нийтийн сүлжээнд цацсан юм.
Ханхүү Харри, Меган Маркл нар язгууртны хэргэм зэрэг, Хатан хааны гэр бүлийн хөрөнгөөс татгалзаж өөрсдийнхөөрөө амьдралаа цогцлохоор шийдвэрлээд удаж буй. Тэд 2 настай Арчи хүү, 8 сар хүрч буй Лилибет хэмээх охинтой.
Тэдний 2018 онд худалдаж авсан Монтесито харш SoFi цэнгэлдэх хүрээлэнгээс хоёр цаг яваад хүрэх зайд оршдог. Олны хэм амнаас хол ажин түжин амьдарч, бараг мартагдах шахсан ханхүү Харри ийнхүү олон сарын дараа папарацичдын дуранд өртлөө.
Эх сурвалж: DailyMail