Улаанбаатар хотын иргэд, өвөл зунгүй стресстэж, бухимдаж буй асуудлуудын нэг нь түгжрэл. Жилийн жилд манай эрх бүхий албан тушаалтнууд энэ асуудлыг шийднэ хэмээн худлаа “үлээж”, хурал хэлэлцүүлэг хийн төлөвлөгөө гаргаж, төсөв баталсаар ирсэн ч ямар ч үр дүн гараагүй.
Түжрэлийн асуудлыг шийдэх дорвитой бодитой алхам огт хийгээгүй. Өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж буй энэ хот ямар ч зохицуулалтгүйн дээр “агаарын дүүжин тээврээр зорчино, метро барина” гэх зэрэг агаартаа замхарч, газартаа булагдах худал үгсийг хээв нэг ярьсаар иргэдийг залхааж орхижээ.
Хоёрдугаар сарын 14-нөөс хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар оруулах болсонтой холбогдуулан Улаанбаатарын түгжрэл илт ихэссэн. Тухайлбал, өглөөгүүр Сансраас 19 дүгээр хороолол руу явахад хоёр цаг болж байна. Тэгвэл бид энэ удаа түгжрэлд шантарсан иргэдээс, түгжрэлийг бууруулах ямар гарц байж болох талаар саналыг нь сонслоо.
ИРГЭД…
- Ах нь хөдөөний хүн сайн мэдэхгүй байна. Миний бодлоор сургууль соёлоо хөдөө орон нутаг руу зүглүүлбэл түгжрэл арай багасах болов уу гэж бодож байна. Өглөө эмнэлэгт ирэх гэж цагаасаа хоцорч ирсэн. Эрт л гарахгүй бол цагтаа амжих боломж байхгүй.
- Уг нь тэгш сондгойгоор явуулаад Улаанбаатар хотын захиргаанаас авч буй арга хэмжээ их байгаа шүү дээ. Түүн шиг өөр нэг зохицуулалт хиймээр байна.
- Түгжрэл буурна гэж байхгүй. Монголчууд их баян байна шүү дээ. Эхнэр, хүү, охин нь машинтай. Тэгэхээр яаж буурах юм. Төрийн гурван өндөрлөг ч, түмэн олон ч түгжрэлийг бууруулж чадахгүй хүн ам улам л өсөөд байна.
- Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр явбал яадаг юм. Зогсоол болгонд, өдөржин албан хаагчдын машин байж байдаг. Зогсоол ч байхгүй, нэгдүгээр эгнээнд урсгал сөрүүлээд тавина. Есөн шидийн л зүйл болох юм.
- Энэ асуудал дээр ард иргэд жил бүр бухимдалтай байна. Үүний адил би ч бухимдалтай байна. Залуучууд нэг дуугаар төрдөө хандвал болох байх гэж боддог.
- Амьдрал үргэлжлэх л ёстой. Хичээл сургуульд буруу өгөөд яах вэ. Ямар ч гэсэн сурах, хөдөлмөрлөх ёстой.
- Засгийн газар шийдвэрээ зөв гаргаад бусад улс орны жишгийг хармаар байгаа юм. Эрх баригчид гол зүйлдээ анхаарахгүй өөр зүйл хийгээд байх шиг санагддаг.