Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж яваад осолдсон байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр 16:42 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайн осол нь Улаанбадрах сумын 2 дугаар баг “Хонгорын элс” гэх газарт гарсан. Суудлын тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна нэг иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Урьдчилсан байдлаар, малчид хэсэг, бүлгээрээ морины сунгаа зохион байгуулж, морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл бий бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж буйг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн энэ нь албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш болохыг онцлов.
Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.