Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлийн үеэрээ Бээжин-2022 өвлийн олимпод оролцох үеэр хийсэн уулзалтын үр дүнгийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Миний бие цар тахлын амаргүй цаг үед Токио-2020 зуны олимпод гуравдагч хөршөө дэмжиж оролцсон. Мөн БНХАУ-д зохиогдсон Бээжин-2022 өвлийн олимпод мөнхийн хөрш хоёр орны нэгийг цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж оролцсон.
Энэ нь ажлын айлчлалын түвшинд орох хэмжээний айлчлал гэж ойлгож болно. Холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан.
Хил хязгаар хаалттай байдлаас болж бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ өсөж байгаа асуудал зөвхөн Монгол Улсад төдийгүй бусад улс оронд бий. Хамгийн чухал зүйл нь цаашид иж бүрэн түншлэлийг үргэлжлүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон төслийн талаар ярилцсан.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс өргөн царигаараа, БНХАУ нарийн царигаараа хоорондоо хил холболтын холбох цэг буюу терминалуудыг тохирч чадсан шийдэлд хүрсэн. Хилийн цэгийг тохиролцсон гэдэг нь их чухал зүйл. Ингэснээр төмөр замын төслүүд илүү идэвхжнэ. Мөн Улаанбаатар хот, нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Ирэх гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаа хоёр талын хамтарсан төлөвлөгөө батлагдана" гэв.