Хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг баривчилжээ. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг дайчлан баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 болон 19 настай хоёр охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байгаа аж.