Бүх шатны боловсролын байгууллагын хичээл өнөөдрөөс 100 хувь танхимаар орж эхэлж буйтай холбогдуулан БШУЯ-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар БШУЯ-ны газрын дарга Т.Ням-Очир "Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны батлагдсан сургалтын хөтөлбөрүүд 100 хувь хэрэгжинэ. Сургалтын төлөвлөгөөнд байгаа цаг, хичээлүүд ямар нэг байдлаар өөрчлөгдөхгүй. Шуурхай штабтай хамтран ажиллахад сургууль, цэцэрлэг дээрээ хүүхдүүд амны хаалтаа хэрэглэнэ. Хамгийн гол нь анги танхимд тогтмол агаар сэлгэлт хийх нь чухал. Хүүхдүүд боломжтой хэлбэрээрээ зай барина. Хэрвээ анги танхимд халдвар гарвал тухайн хүүхдийг гэрт нь тусгаарлаж, зайнаас суралцах боломж олгоно.
Омикрон хувилбарын шинж тэмдэг илрэх хугацаа 2.5 хоног, эмчлэгдэх хугацаа тав хоног. Халдвар авсан хүүхдүүдийг гэрт нь тусгаарлаж, эрүүл мэндийн тусламж үзүүлнэ. Тэрнээс биш анги, сургуулийг бүхэлд нь хаахгүй. Хүйтний улиралд тухайн аймаг, орон нутагт бага зэргийн зохицуулалт хийж байна. Жишээлбэл, Увс аймагт бага ангийн хичээлийг 11:00 цагт эхлүүлж байна. Түгжрэлтэй холбоотойгоор судалгаа хийж, зарим туршилтуудыг хийхээр Их тойруу, Бага тойрууд байршилтай сургуулиудын цагийг зохицууулахаар ажиллаж байна" гэлээ.