Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат "Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна. Удахгүй албан ёсны шийдвэр гарч, салбар яамтай хамтран мэдээлнэ. Урьдчилсан байдлаар монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайн шалгалтад хамрагдаж, босго оноогоо давж чадаагүй бол, эсвэл тодорхой шалтгааны улмаас шалгалтад хамрагдаагүй шалгуулагчдаас ЭЕШ-аас өмнө буюу тавдугаар сард дахин нэг удаа шалгалт авна. Хэрвээ хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д орох боломжгүй.
Энэ жилээс ЭЕШ-д бүртгүүлж буй шалгуулагчдад зориулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох "Миний мөрөөдөл" сайтыг ашиглалтад оруулсан. Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангиас эхлүүлэн ажил мэргэжлийн чиг баримжаагаа олж, өөрийгөө олох, ямар мэргэжил тохиромжтой гэдгээ тест даалгавар байдлаар шалгах боломжтой. Бид улсын хэмжээнд төгсөх ангийн 33 мянган сурагчид онлайн сургалтуудыг зохион байгуулахаар тусгай хуваарь гаргаж ажиллана.
Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудасны хугацаа 2.5 жил хүчинтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж буй.