УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банкны асуудал бол 10 гаруй жил хуримтлагдсан асуудал. Хэдий 10 жилийн турш яригдаж байсан ч олны дэмжлэг авч байж нийгмийн анхааралд орж ирж байна. Өнөөдрийн байдлаар 53 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. УИХ-аас шалгалт хийх Ажлын хэсгийн дүгнэлт дуусахаар нээлттэй сонсгол явуулах чиглэл өгсөн. Ингэхдээ 16 хоногийн өмнө нийтэд зарлах ёстой. Нээлттэй сонсгол зохион байгуулахад шүгэл үлээж байгаа сэтгүүлчид хамтарч ажиллах, Ажлын хэсэг орж ажиллах саналыг тавьж байна. Нээлттэй сонсголыг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Нэгдүгээр сарын 30-ны өдөр ажлын хэсэг хөгжлийн банкийг шалгах, төр ард түмнийн хохиролгүй болгох шаардлагатай гэж энэ талаар үг хэлсэн. Энэ ажлын хэсэг нээлттэй ажиллаж чадна гэж үзэж байгаа. Ажлын төлөвлөгөө гаргасан, 17-нд урьдчилсан дүгнэлт гарна. Энэ сарын 21-нд байцаагчийн дүгнэлт гаргана. Нийтийн сонсголын хуулиар 14 хоногийн өмнө зарлана. Төр, ард түмнийг хохиролгүй болгож, гэм буруутай зээлээ зориулалтын бусаар ашигласан улстөрчдөд хатуу хариуцлага тооцох ёстой" гэлээ.
Харин Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ажлын хэсэгт гарч, хийж буй бүх зүйл ил тод явагдана. Төр ард түмнийг хохиролгүй болгох тал дээр анхаарч ажиллана. Бид өөрсдөдөө итгэлтэй байгаа. Олон түмэн итгэлгүй байна. Хөгжлийн банкны асуудлаар хийж бүтээе гэсэн бусад газрууд гээд бүгдийг нь харлуулаад байгаа. Тиймээс хар цагаанаар гаргаж ирээд ялгах хэрэгтэй. Үүний ард хэсэг луйварчид байгаа. Хөгжлийн банкны хулгай луйварыг шүүхийн журмаар явуулах юм бол хэзээ ч шийдэгдэхгүй. Төр, ард түмнийг хохиролгүй болгож чадахгүй. Хоёрт, холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гуравт, нэг удаагийн хууль гаргаж, төр ард түмнийг хохиролгүй болгох асуудал хөндөгдсөн. Бид Хөгжлийн банкны асуудлаар анх удаа УИХ дээр ярьж, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн удирдамж тодорхой. Энэ хүрээнд шалгалтаа хийнэ. Хаврын чуулганаас өмнө дүгнэлтээ гаргана. Бүрэн хэмжээгээр асуудлыг шийдэж чадахгүй. Хуулийн хүрээнд түр хороо байгуулж, хэлэлцүүлгийн үеэр яригдсан шиг өөр хэлбэрээр эцэслэх байх. Манай Ажлын хэсэг шуурхай ажиллаж байгаа. Ирэх 21-ний өдөр хуралдана" гэх мэдээлэл өглөө.