Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан удаан хугацааны амралт дуусаж сурагчид өнөөдөрөөс танхимаар хичээллэж байна. Засгийн газрын шийдвэрээр их, дээд сургуулийн оюутан, сурагчдын хичээлийг 100 хувь танхимд шилжүүлэхээр болсон. Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгддэг тул түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байна.
Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргасан. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь төрийн өмчит бус.
Өнөөдрийн байдлаар хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байна. Иймд 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөснийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.
Нэг ээлжтэй сургуулиудын тухайд сонголтгүй 09:00 цагаас хичээллэхээр бол хоёр ээлжтэй сургуулиуд бүсчлэлээрээ 07:45 ба 08:15 цагаас хичээллэнэ. Иймээс ирэх даваа гаргаас хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг шийднэ.