Ванесса Брайант гэр бүлийнхээ хайртай хар Лабрадор ретривер Крусиотой салах ёс хийж буйгаа Инстаграм хуудастаа нийтэлжээ. "Биднийг харж хандсанд баярлалаа. Бид чамд хайртай, Крусио. Бүх зүйлд баярлалаа, хөөрхөн хүү минь" гээд нохойнхоо таван зургийн хамтаар Инстаргам хуудаснаа нийтэлсний дараа Коби Брайантын фенүүд тус постын дор эмгэнэл илэрхийлэн коммент бичицгээжээ.
Гэр бүлийнх нь гишүүн болж олон жил хамт амьдарсан Крусио хэмээх лабрадор ретривер нохойг Кобигийн фенүүд андахгүй. Учир нь Коби шинээр өргөж авсан нохойндоо тохирох гоё нэр санал болгосон хүнд NBA-ийн тэмцээнд өмсөж оролцсон пүүзнүүдээсээ нэгийг өгөх болзолт уралдаан зарлаж байсан юм. Тэрбээр фенүүдийнхээ санал болгосон нэрнээс Харри Поттер киноноос санаа авсана Крусио нэрийг авч, тус нэрийг өгсөн фен нь ч шүтээнээсээ тоглолтдоо өмссөн пүүзнээс нь авсан сонирхолтой түүхтэй.
Крусио гэх нэр нь Круциатусын хараалаас санаа авсан нэр аж. Хэрэв та Харри Поттерын цувралуудыг үзэж байсан бол уучилж болшгүй гурван хараалын нэг болох хүмүүсийг шулам, хорон санаат шидтэний хүсэлд автуулахын тулд ашигладаг Круциатусын хараалыг санах байх.
Эх сурвалж: DailyMail