Хонконгчууд хүнснийхээ 90 хувийг импортоор авдаг. Тэгвэл Хонконгчууд тахлын хамгийн хүнд дэгдэлттэй тулгараад буй. Тиймээс ч нийлүүлэлт буурах вий гэсэн айдас Хонконгчуудын дунд үүсжээ.
Хонконгийн эрх баригчид эх газрын зарим тээврийн хэрэгслийн жолооч нар Ковид-19-ийн урьдчилсан шинжилгээ эерэг гарсны дараа хүнсний ногоо, хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт түр саатаж магадгүй гэж мэдэгдэв.
Нислэгийн хатуу хязгаарлалтын улмаас хэрэглэгчид гадаадын импортын зарим бараа, тэр дундаа дээд зэрэглэлийн далайн хүнсний хомсдолд хэдийнээ өртөж эхэлсэн.
Хонгконг Ковид-19-ийн өдөр тутам батлагдаж буй шинэ тохиолдол хурдацтай нэмэгдэж байна. Ковид-19-ийн хязгаарлалтыг дахин чангатгаснаар оршин суугчид хэтэрхий хоригдмол боллоо гэсэн шүүмжлэлд эрх баригчид өртөж байгаа ч үүнээс өөр арга одоохондоо байхгүй билээ. Хонконгийн эрх баригчид хүнсний хангамжийн тээвэрлэлт болно гэж ням гарагийн өглөө хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм.
Нийт 7.5 сая хүн амтай тус хотод бямба гарагт гэхэд л 1514 шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн нь Хятадын "Тэг Ковид" стратегийн хамгийн том сорилт болж байна.
Хонконгийн өндөр албан тушаалтан Жон Ли “Хятадын эх газрын албаны хүмүүстэй уулзсаны дараа Хятад улс шинжилгээ, эмчилгээ, хорио цээрийн хүчин чадлыг хангах замаар Ковид-19-ийн дэгдэлтийг даван туулахад тусална. Гэхдээ одоогоор эх газрын маягаар хатуу хөл хорио тогтоох төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдэв.
Төлөвлөгөөний талаар нарийн ширийн зүйл гараагүй бөгөөд тэдгээрийг хэр хурдан хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа хэдий ч эмнэлгийн чадавх бүх талаар өргөжин тэлж байгаа учир Хонконгт амьсгалах орон зайг өгөх болно гэж найдаж буй аж. Хонконг болон эх газрын Хятад улс нь Ковид-19-ийн дэгдэлт бүрийг дарах зорилготой байгаа боловч омикрон хувилбарыг хяналтдаа оруулахад тун хэцүү байгаа юм.
Эх сурвалж: The Guardian