Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй.
Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих 3 дугаар хугацааг 01 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.
Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “ гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч, хүнд гэмтлийн улмаас 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн.