Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн аав Нацист намын гишүүн байсан тухай мэдээлэл цацагдлаа.
Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Хосе Антонио Каст нь герман аав, чили ээжтэй. Тэгвэл түүний эцэг Дэлхийн II дайны үед хэт барууны үзэлтэй нацист намын гишүүн байсан нь илчлэгджээ.
1942 оны есдүгээр сард Герман- Зөвлөлт Холбоот Улсын дайны ид оргил үед Михаэл Каст хэмээх 18 настай залуу Германы Үндэсний Социалист Германы Ажилчдын нам буюу NSDAP -д элссэн болохыг тус улсын холбооны архивт байгаа иргэний үнэмлэхээр нь Германы албаны хүмүүс баталжээ.
Холбооны архив Кастыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн эцэг мөн эсэхийг нотолж чадаагүй ч карт дээр бичигдсэн төрсөн он сар өдөр, газар нь 2014 онд нас барсан Михаэл Кастын аавынхтай таарч байгаа аж. 9271831 гишүүнчлэлийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Чилийн сэтгүүлч Маурисио Вейбель энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Михаэл Кастын Иргэний үнэмлэх гарч ирсэн нь Хосе Кастын өрсөлдөгчдийн сонгуулийн сурталчилгааны гол бай болж Кастын “нацист эцэг” талаарх мэдээлэл тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.
55 настай Хосе Каст өнгөрсөн сард болсон Чилийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд тэргүүлсэн нь зүүний үзэл баримтлалтай хууль тогтоогч Габриэль Боричоос хоёр оноогоор тэргүүлж, улмаар 12-р сарын 19-нд болох хоёр дахь шатанд өрсөлдөх боломжтой болгосон.
Ромын католик шашинтай, есөн хүүхдийн эцэг Каст нь 1973 онд төрийн эргэлт хийсний дараа засгийн эрхэнд гарсан генерал Аугусто Пиночетын цэргийн дарангуйлагчтай гэр бүлийн гүн холбоотой гэгддэг. Түүний ах Мигель нь дарангуйлагчийн Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Өмнөх буюу 2017 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Каст "Хэрэв тэр амьд байсан бол миний төлөө саналаа өгөх байсан" гэж Пиночетын тухай дурсаад ердөө 8 хувийн санал авч байсан аж. Тиймээс энэ сонгуулиар илүү хашир оролцож чамгүй амжилттай урагшилж байгаа ч “нацист эцэг”-тэйгээ холбоотойгоор ерөнхийлөгч болох боломжоо алдаж ч магадгүй байдалд ороод байна.
Кастын кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд “нацист эцэг”-тэй холбоотой тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин Хосе Каст аавыгаа нацистын хөдөлгөөнийг дэмжигч байсан гэсэн мэдэгдлийг ууртайгаар няцааж, түүнийг Германы армид албадан татагдсан хүн гэж тодорхойлсон байна.
"Дайн болж, цэрэгт заавал татагдан явдаг байх үед 17, 18 настай хүүхдэд "Би явахгүй" гэж хэлэх сонголт байдаггүй, учир нь тэд дараагийн өдөр нь шүүхээр орж буудуулах болно шүү дээ" гэж Хосе Каст 2018 онд хэлж байсан юм.