Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг Хятадтай тохирч, өргөн нарийн царигийн маргаанд цэг тавив. Бид ямартай ч дотооддоо өргөн царигаар төмөр замаа барих нь тодорхой болж, нэг талдаа гарсан.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны аравдугаар сард “Хилийн солиболцлын цэгийн асуудлыг олон жил ярьж байгаа бөгөөд эрт шийдчихсэн. Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр нарийн царигаа оруулж ирээд манай өргөн цариг дээр тохируулаад ачаагаа шилжүүлээд явна. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирсэн нарийн царигтай тохируулж, төмөр замаа ашиглана. Монголын талд ачиж буулгах, шилжүүлэх терминал байгуулна” гэдгийг онцолсон.
Үүнээс гадна Засгийн газраас огтлолцлын цэгээ аль талдаа байгуулахаар болсон талаар хэрхэн тохирсноо зарласангүй. Тиймдээ ч энэ нь олны анхааралд байна. Энэ талаар эдийн засагч Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми "Монгол талд байвал илүү үр ашигтай. Тэр цэг дээрээ бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг, ачих шилжүүлэх үйл ажиллагаа гээд олон тооны ажлын байр бий болох боломжтой. Гол нь тэр цэг дээр хүчин чадлаа зөв тооцоолж хийх нь чухал. Эдийн засаг ирээдүйд хөгжиж, улам тэлнэ гэсэн тооцооллоор бүтээн байгуулалт, хүчин чадлаа төлөвлөх ёстой. Зөвхөн өнөөдрийн экспортыг хараад шийдчихэж болохгүй" гэжээ.
Терминалыг барих компаниар “Эрдэнэс таван толгой” ХК нэрлэгдэж буй. Тус компанийн хувьд өнгөрсөн онд төртэй хамтран нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминалыг байгуулсан юм. Харин Шивээхүрэн боомтод барих чингэлэгт тээврийн терминалыг 11.6 га талбайд байгуулахаар төсөлд найман аж ахуй нэгж оролцож, газар шорооны ажил 60 орчим хувьтай байна.