Авлигатай тэмцэх газар албан ёсны цахим хуудастаа авилгын хэргээр ял шийтгүүлж байсан этгээд “Эрдэнэс Монгол” ХК-д ажиллаж байгаа талаар мэдээлэл оруулсан. Үүний дагуу бид "Эрдэнэс Монгол" ХК-аас тайлбар авсан юм.
Учир нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэл нь Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.
Иймд яагаад “Эрдэнэс Монгол” ХХК-аас ял шийтгэлтэй хүнийг албан тушаалд томилсон талаар лавлахаар очиход хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Батзаяа “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс тухайн үед ямар нэгэн хүнийг албан тушаалд томилоход ХОМ буюу хөрөнгө орлогын мэдээг Авлигатай тэмцэх газарт хүргэж зөвшөөрөгдсөн тохиолдолд томилгоо хийдэг. Харин томилгоо хийгдсэний дараа Авлигатай тэмцэх газраас энэ хүн өмнө нь ял шийтгэлтэй байсан. Ийм хүнийг томилохгүй байх гэдэг зөвлөмж хүргүүлсэн. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Н.Нарангэрэлээс бид өөрийнх нь тайлбарыг сонсох гэсэн боловч тэрбээр ажил дээрээ байгаагүй. Хувийн утсаар нь холбогдох гэсэн боловч утсаа таслаад эсвэл унтраачихсан байсан учир холбогдож чадаагүй юм.