Хэн бүхний танил биш энэ хүнийг Б.Шинэбаатар гэдэг. Тэрээр 2012 оны 10-р сард Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдсон.
/Б.Шинэбаатар/
/Тухайн үеийн албан мэдээ/
Тэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга байхдаа 2014 онд сахал хочит Д.Эрдэнэбилэгийн Кью Эс Си ХХК-д 71 сая 300 ам долларын зээл /213 тэрбум төгрөг/, 2012 онд мөн Д.Эрдэнэбилэгийн Хөтөл ХХК-д 61 сая ам долларын зээлийг /хүүгийн хамт 295 тэрбум төгрөг/ тус бүр олголцсон байдаг. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны өнөөдрийн хамгийн их чанаргүй зээл болох Кью Эс Си-д өгсөн 213 тэрбум, Хөтөлд өгсөн 295 тэрбумын зээлийг олгоход тэр ТУЗ-ийн дарга байсан гэсэн үг.
Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн 26 хувийг зөвхөн сахал Д.Эрдэнэбилэгийн дээрх хоёр зээл эзэлж байна.
/Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлдэгчдийн жагсаалт/
/Хөгжлийн банкнаас гаргасан мэдээлэл. Шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шийдэх зээлдэгчдийн жагсаалт/
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГААС Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ҮЙЛЧЛЭГЧ ХҮРТЭЛ….
Б.Шинэбаатар нь ингээд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 4-р сард Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн тал буюу "Монголын зэс" компанийг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүж болж, “Эрдэнэт” үйлдвэрийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. Б.Шинэбаатар гэх энэ хүн сахал Д.Эрдэнэбилэгийн гүйцэтгэгч байсан нь эл үйл явдлаар нотлогдоно.
/Тухайн үеийн албан мэдээ/
Б.Шинэбаатар сахал Д.Эрдэнэбилэгт ийм их зээл өгөөд зогсоогүй. Тэр Б.Эрдэнэбилэгийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк байрлах барилгад Хөгжлийн банкандаа оффис худалдаж авсан. Авах авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр ХХБ-ны 11, 12 давхрыг авсан юм. Энэ 27.5 тэрбум төгрөг сахал Д.Эрдэнэбилэгийн халаасанд орсон гэсэн үг.
/Энэ барилгын 11,12 давхрыг Б.Шинэбаатар Хөгжлийн банкны захирал байхдаа сахал Д.Эрдэнэбилэгээс зах зээлийн ханшаас дөрвөн тэрбум гаруй төгрөгийн илүү үнээр худалдан авчээ./
Мөн тэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч "Монголын Зэс" компанийг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрийн түр орлон гүйцэтгэгч, ТУЗ-ийн гишүүн байхдаа бусдад илт давуу байдал олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлүүд хийж байжээ. Үүнийг нь цагдаагийн байгууллага шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн ч шүүх хэргийг хааж, Б.Шинэбаатар нарыг цагаатгасан. Өөрөөр хэлбэл тэд хулгайн мөнгөөрөө монголын шүүхийг авилгадсан байж болзошгүй сэжүүр эндээс харагдана.
/Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээ/
ПРОКУРОРЫН ЯЛЛАХ ДҮГНЭЛТ
Б.Шинэбаатар нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Отгочулуу нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Отгочулууг Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон байсныг мэдсээр байж Ч.Отгочулууг 2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн ТУЗ-ийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн;
-Б.Шинэбаатар нь нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /худалдагч/, “Эрдэнэт үйлдвэр” /худалдан авагч/ ХХК-иудын хооронд байгуулсан 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцөгийн бэлдэцийг НӨАТ дүн ороогүй үнээр 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байхад:
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “Ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцөгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд, ЗГ нийт чанаргүй зээлийн хоёр том зээлийг Д.Эрдэнэбилэг нарт олгосон ба Д.Эрдэнэбилэг хэрхэн хөлжсөн түүхийг Өрөг.мн редакц ийнхүү хоёр цувралаар хүргэлээ. Хөгжлийн банкнаас авсан зээл чанаргүй ангилалд орж, зээлээ төлөхгүй удаасан компаниудыг, хүмүүсийг бид зээлийн хэмжээгээр нь цувралаар хүргэсээр байх болно.