Бээжингийн өвлийн олимпоос анхны алтан медалиа хүртэж буй Эйлин Гу-ийн амжилтыг тэмдэглэхээр хэдэн арван сая хүн онлайнаар цугларсны улмаас Хятадын тэргүүлэгч сошиал медиа платформыг түр гацаажээ.
Америкт төрсөн 18 настай Гу эмэгтэйчүүдийн төрөлд гурав дахь гулгалтаараа тэргүүлж, 1620 оноо, төгс буултаараа 94.5 оноо авч, Өвлийн Олимпийн анхныхаа тэмцээнд 188.25 оноо авсан юм.
Тэрбээр, "Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч. Би сая юу болсонд итгэж чадахгүй байна" хэмээн түрүүлснийхээ дараа сэтгүүлчдэд хэлжээ.
Хятад шүтэн бишрэгчдийнхээ дунд "цасан гүнж" гэгддэг Гу аль хэдийн дэлхийн аварга болсон бөгөөд Хятадын Олимпийн хүсэл тэмүүллийн албан бус нүүр царай болж, наадам эхлэхийн өмнө түүний нэр хүнд огцом өссөн юм.
Гу-гийн ялалт цахим ертөнцөд баяр хөөр, дуулиан шуугиан дэгдээж, түүний ялалт Weibo платформын хайлтанд давамгайлж байсан бөгөөд 10 шилдэг сэдвийн долоо нь Гу-гийн ялалтын тухай байв. Түүнийг 2,6 сая дагагчтай Weibo-д шүтэн бишрэгчид нь ялалт байгуулснаас хойш 30 минут хүрэхгүй хугацаанд 90 000 гаруй сэтгэгдэл үлдээжээ.
"Гу Эйлин алтан медаль хүртлээ" гэсэн утга, агуулгатай хаштагууд нэг цагийн дотор 300 сая гаруй хандалт авч, асар олон хэрэглэгчдийн улмаас Weibo сайт бүхэлдээ гацсан байна.
Гугийн аав Америк, ээж нь Хятад хүн. Тэрээр Тахо нуурын энгэрт цанаар гулгаж өссөн бөгөөд 15 настайдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны тавцанд гарсан байдаг.
Сонирхуулахад, Эйлин Гу Хятадын төлөө өрсөлдөхөөр шилжин ирсэн ч Америкийн иргэншлээс татгалзсан эсэх нь тодорхойгүй байгаа. Гу Америкийн иргэний статусынхаа талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.
Хятадын шигшээ багт элссэнээс хойш Гу сэтгүүлийн нүүр, сурталчилгааны самбаруудыг дүүргэх болсон. Тэрээр олон тооны ивээн тэтгэгч, брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын хамгийн халуухан залуу оддын нэг болж байгаа ч түүний шинэ амжилт барууны шүүмжлэгчдийн анхаарлыг татсаар буй.
Цанаар гулгах карьераасаа гадна тэрээр загвар өмсөгч, нэр хүндтэй брендийн элч бөгөөд намраас Стенфордын их сургуульд суралцаж эхэлнэ.