Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай хичээл дээрээ хижаб өмсөх эрхийн төлөө тэмцэж буй Энэтхэгийн зургаан оюутныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Энэтхэгийн Карнатака мужийн сурагч охид хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал хийж байгаа бөгөөд сургуульдаа хижаб өмсөхийг нь хориглосон явдлыг тэд эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл эсэргүүцлийн жагсаал хийж буй охидыг дэмжиж буйгаа Малала Юсуфзай Твиттер хуудастаа бичсэн байна.
Сургуулийн орчинд хижаб зүүхийг хориглосон тус сургуулийн захиргааны шийдвэр муж доторх шашны хурцадмал байдлыг улам хурцатгаж, мөргөлдөөн үүссэн байна. Үүний улмаас Карнатка мужийн сургуулиудыг гурав хоног хаахаар болов.
Хижаб зүүхтэй холбоотой маргаан нь Энэтхэгт үндэсний хэмжээнд шуугиан тарьж, мужийн дээд шүүхэд хүрчээ. Эсэргүүцлийн жагсаал хийж буй сурагчдын н эг нь шүүхэд гаргасан өргөдөлдөө “хижаб өмсөх нь үндсэн хуулиар баталгаажсан шашин шүтэх үндсэн эрх байсан” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Охидын боловсрол эзэмших эрхийн төлөө үг хэлснийхээ төлөө Пакистанд талибуудын дайралтаас амьд гарсан Малала Юсуфзай Энэтхэгийн удирдагчдад хандан "Лалын эмэгтэйчүүдийг гадуурхахыг зогсоох" талаар ямар нэгэн зүйл хийхийг уриалав. Тэрээр "Охидыг хижабтай сургуульд явуулахаас татгалзах нь аймшигтай явдал гээд “бага” юмуу “их” хувцас өмссөнийх нь төлөө эмэгтэйчүүдийг эсэргүүцэх хандлага хэвээр байна" хэмээн жиргэжээ.
Үүний дараа Карнатака мужийн бусадсургууль, коллежид энэ асуудал хурцаар тавигдаж, өнгөрсөн долоо хоногт хижаб өмссөн залуу эмэгтэйчүүдийг коллежийн хаалгаар нэвтрүүлэхгүй байгааг харуулсан видео цацагдаж олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Нөгөө талд Хинду хатуу үзэлтнүүд хоригийг дэмжиж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Карнатака мужийн ерөнхий сайд Басавараж Боммай сургуулиудыг гурван өдрийн турш хааж, "Сургууль, коллежийн бүх оюутнууд, багш нар, удирдлага, түүнчлэн Карнатака мужийн ард түмэн энх тайван, эв найрамдлыг сахин хамгаалахыг" уриалав.