Бид морин хуурч, өвгөн хуурч хэмээн олноо нэрлэгдсэн, багшийн дээд орчмоор хуураа тоглон олныг баясгадаг А.Жаргалсайхан гуайтай уулзлаа. Тэрбээр өөрөө морин хуураа тоглож сурсан ба олсон мөнгөө зээ охиндоо зориулсан хадгаламжиндаа хийдэг байна. Түүний зээ охин эмч болохыг хүсдэг учраас ийн мөнгө цуглуулж байгаа гэв.
А.Жаргалсайхан "Өвөө нь энд суугаад зургаан жил болж байна. Олон түмэн намайг харж үздэг юм аа. Би Увс аймгийн хүн. Хотод ирээд 25 жил боллоо. Залуудаа бол ажил төрөл хийж байсан. Янз янзын л ажил хийж байлаа. Одоо харин ажил хийж чадахгүй болсон.
Энд өглөөдөө найм гэж ирээд зургаа гээд л явчихдаг. Хуураа тоглож байхад гар, хөл, өвдөг даараад хэцүү шүү дээ. Өдөр бүр янз янзын орлоготой. Заримдаа 20 цаастай. Хааяа 50 цаастай ч бууна. Тэр мөнгөөрөө сүүгээ авна, талх, хоолоо авна. Юмны үнэ ч өсчихлөө шүү дээ.
Гэртээ дөрвүүлээ амьдардаг. Данс нээгээд зээ хүүхдэдээ мөнгө хийдэг. Зургаадугаар ангийн хүүхэд чинь юу байх вэ дээ одоо ингээд л төгсчихнө, цаашид нь сургана. Хэдэн цаас нь хаа юм, эмч болоход нь туслах санаатай.
Морин хуур хүнээр заалгаагүй өөрийнхөө чихээр, сонсголоороо сурсан. Морин хуур гэдэг чинь айлд хүндлэлтэй эд.
Хүмүүс заримдаа намайг гэр рүүгээ аваачиж, хуур татуулдаг. Таван цаас хэрэгтэй шүү дээ. Гэртээ урьсан хүмүүс сайхан хоол цай хийж өгөөд хуурын дуу сонсдог. Би архи амсдаггүй. Хааяа найз нөхөд, хүүхдийн хурим, цагаан сар баяраар л ганц нэг татчихна. Архи л уухгүй бол гоё амьдарч болно. Сайхан шүү дээ. Би ямартай ч ингээд амьдрахын төлөө л явж байна. Амьдрахын төлөө, хүүхдүүдээ хоол ундтай байлгах хэрэгтэй. Би сайхан амьдаръя, гоё явъя л гэж боддог дотроо. Одоо ажилд орлоо гэж бодъё цалин байхгүй. Цалин өгнө гэчхээд хүн аваад зарна. Өгдөг ч юм уу бүү мэд. Өгөхгүй байж мэдэхээр тийм л болчихсон байна. Би ажил хийх гээд ч чадал хүрэхгүй болоод байна. Хүүхдүүд сайн байвал бидний жаргал. Муу байх юм бол бас хэцүү. Сайн явуулахын төлөө л зүтгэж байгаа нь энэ шүү дээ" гэж хэлсэн юм.