Кёкүшюзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарын хамаарал бүхий “Эс Си Эм” компани Яармагийн Нэгдсэн эмнэлгийн урд байрлах 2.7 га газар дээр барилга барихыг тус хорооны иргэд эсэргүүцэж байгаа юм.
Гэвч “Эс Си Эм” компани барилгын ажлаа үргэлжлүүлэхийн тулд улсын мэдэлд байсан газрыг авахаар гомдол гаргасныг шүүх өнөөдөр хэлэлцэхээр хуралдаан товлоод байна.
Энэ талаар ХУД-ийн тавдугаар хорооны иргэн Ц.Эрдэнэ, “Яармагийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах шийдвэртэй газар, “Эс Си Эм” компани барилга барих гээд шүүхдээд байгаа юм. Иргэд бид амьдрах орчин, аялж, амарч зугаалах спорт талбайтай байя гээд өөрсдийн эрх ашгийн үүднээс шаардлага тавьсан. Өнөөдөр шүүх хуралтай байсан нь хойшилсон гэх мэдээтэй л байна. Яармагт ажиллаж амьдарч байгаа иргэд, дөрвөн ТББ, хоёр спорт клуб нэгдээд, энд цэцэрлэгт хүрээлэн барья гээд зогсож байна. Яармагт түгжрэл асуудал болж байна шүү дээ. Хүүхэд тоглох талбай ч үгүй. Тиймээс үүн дээр анхаараач ээ.
Төрөөс шийдвэр гаргаад цэцэрлэгт хүрээлэн барихыг дэмжиж байна гээд, хотын захиргаанаас гаргасан шийдвэртэй газар, компаниуд шүүхдээд тэдний талд хариу нь гарчхаад байдаг. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төсөвт 600 сая төгрөг баталсан байсан. Гэнэт барилгаа бариад эхэлсэн юм. Бид тавдугаар сараас хойш есдүгээр сар хүртэл тэмцээд сүүлийн 20 хоногт нь иргэд ээлжлэн манаж байж барилгын ажлыг нь зогсоож байлаа. Энэ талаар гомдол саналаа Нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тойргоос гарсан гурван гишүүн дүүргийн төлөөлөгч гээд 11 хүнд албан бичиг хүргүүлсэн. 10 дугаар сарын 10-нд засаг дарга Д.Сумъяабазар энэ газарт хүрээлэн барих шийдвэр гаргаж өгсөн боловч сая дурдсан компани шүүхдэлцсээр байгааг ойлгохгүй байна. Үүнийг иргэд эсэргүүцэж байна” гэлээ.