Венецийн судлаачийн хийсэн судалгаагаар Марко Поло нь Агнесе хэмээх эмэгтэйн эцэг байсан байж магадгүй гэсэн баримт олжээ. Баримтаар бол түүний охин гэгдэж буй Агнесе нь түүнийг удаан хугацааны аяллаасаа Венецэд буцаж ирсэн 1295 он болон хоёр хотын хоорондох тэнгисийн цэргийн мөргөлдөөнд оролцсон хэргээр Генуягийн шоронд хоригдож байсан 1298 оны хооронд төрсөн аж.
Аялалынхаа тухай ном бичиж алдаршсан Марко Поло нэг жил шоронд хоригдож байгаад Венецид буцаж ирээд Доната Бадоертэй гэрлэж, өөр гурван охинтой болсон гэдэг.
Венецийн Ка' Фоскари их сургуулийн докторант Марчелло Болоннари хэлэхдээ, Пологийн гэр бүлийн бусад баримт бичигт "Агнесегийн амьдарч байсан тухай багахан мэдээлэл" байгаа боловч Венецийн төрийн архиваас саяхан олдсон Агнесегийн сүүлчийн гэрээслэлд үндэслэн Марко Поло түүний эцэг байсан гэдгийг баттай нотолно гэжээ.
1319 оны 7-р сарын 7-нд бичсэн уг баримт бичигт 20-иод насандаа нас барсан Агнесе Венецийн Сан Жованни дахь Сан Феличе сүмд гэрээслэл бичин, гэрээслэлээ санваартан Пьетро Паганод өгч эцэг Полод хүргэж өгөхийг даатгасан болохыг харуулж байна.
Судлаач Болоннари "Түүнд гурван охин байсан гэдгийг бид баттай мэдэж байгаа бөгөөд энэ баримт бичигт тэр өмнөх харилцаанаас өөр охинтой байсан байх магадлалтай гэдгийг илүү тодруулж өгсөн" гээд "Тэр хоёр дахь удаагаа гэрлэсэн, эсвэл хүүхэд нь хууль ёсны бус харилцаанаас төрсөн эсэхийг бид мэдэхгүй" хэмээн тайлбарлажээ.
Агнесе сүүлчийн гэрээслэлээ Марко Полод зориулсан нь эцэг нь түүнийг мэдэж байсан бөгөөд тэд "хүчтэй, итгэлтэй харилцаатай байсан" гэдгийг Болоннари нэмж хэлэв.
Агнесе гэрээслэлдээ ээжийнхээ нэрийг дурдаагүй бөгөөд энэ нь түүний ээж нас барсны шинж байж магадгүй гэж Болоннари хэлсэн байна. Тэрээр Агнесегийн гэрээслэлд "дотно, эелдэг гэр бүлийн амьдралыг" дүрсэлсэн байна. Үүгээр зогсохгүй Агнесе нөхөрт гарч, бага насны хоёр хүүхэдтэй байжээ.
Марко Поло Бадоер гэх эмэгтэйтэй гэрлэж Фантина, Беллела, Морета хэмээх гурван охины эцэг эх болсон бөгөөд 1324 онд 69 насандаа таалал төгссөн юм.
Эх сурвалж: The Guardian