Хөгжлийн банкнаас 26 компани 2014-2019 онд зээл авч, эдгээр зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд багтаж байгаа юм. Улмаар Хөгжлийн банк цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул зээл аваад төлөөгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Жишээлбэл зарим компаниуд хөдөө орон нутагт хуурай сүүний 60 үйлдвэр барина, угсардаг байшин барих төсөл, муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр барих төсөл гэх мэт маш олон төсөл хөтөлбөрт зориулж зээл авсан боловч зээлийг зорилгынхоо дагуу хэрэглээгүй байна. Иргэдийн хувьд өмнө нь Капитал банк дампуурахад буруутан нь буруугаа хүлээгээгүй, иймээс чанаргүй зээлдэгч болсон эдгээр компаниудыг өр төлбөрөө барагдуулахыг шаардаж байгаа юм.
ИРГЭД:
-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд ямар нэгэн байдлаар зээлээ төлөх л ёстой. Зээлийн үндсэн зориулалтаасаа бус бол тэр компаниудыг бүгдийг нь зарлаад үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглох чиглэл рүүгээ хандсан нь дээр. Арилжааны банкнууд гэхэд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл авчхаад иргэдэд өндөр хүүтэй зээл гаргаж байна гэхээр энэ бол байж болохгүй зүйл. Ямар нэгэн дүрэм журам бол тэгш л үйлчлэх эрхтэй. Монгол улс шилэн данс руу шилжээд удаж байна. Бүх юм нээлттэй байх хэрэгтэй. Капитал банк дампуурлаа шүү дээ энэ мэтчилэн иймэрхүү зүйлүүдийг яагаад тухайн буруутай хүмүүс нь буруугаа хүлээхгүйгээр яагаад ингэж анхаарахгүй байгаа юм бэ, бүгдийг л нээлттэй эрх тэгш байх ёстой л гэж бодож байна"
"Л.Оюун-Эрдэнэ АТГ, тагнуул, цагдаагаа мэдэж байна. У.Хүрэлсүх нь прокурор шүүхээ мэдэж байна. Одоо ганц нам гарчихсан. Нухчин дарах, тэдний зээлийг төлүүлж чадахгүй бол одоо Монгол улсын өөрсдийнх нь хохь шүү дээ тийм биз дээ"
"Одоо тэгээд цалингаа аваад хэдэн хувийг нь татварт өгч байгаа билээ. Юмны үнэ нэлээн өсчихсөн байгаа шүү дээ. Тэгэхээр чинь хэцүү л байгаа байхгүй юу. Өөрсдөө өрөө төлөх ёстой. Татвар төлөгчид биш"
"Хэнээр төлүүлэх юм бэ, өөрсдөө зээлээ авч чадсан бол тэрийгээ эргээд төлөх чадвартай л байх ёстой"
"Зээл авагдчихсан юм чинь буцаагаад төлөх л ёстой л доо. Нэг талдаа бидэнд ямар ч хүртээлгүй зүйл дээр бид тэрийг нь буцаагаад төлнө гэдэг чинь нэг талаараа шударга бус. Хуульдаа л захирагдах ёстой гэж бодож байна"
"Зээл авсан иргэд нь хариуцлага үүргээ биелүүлж төлөх хэрэгтэй шүү дээ. Хэн нэгэн танил талаараа ч юм уу авчхаад давуу эрх эдлээд хувьдаа ашиглаад байж болохгүй л гэж бодож байна. Шударга ёсонд нийцэхгүй л гэж бодож байгаа. Үүний эсрэг байр суурьтай байна"
"Зээл авсан хүмүүс нь л эргүүлээд төлөх ёстой байлгүй дээ. Бид бараг цус гартлаа л үзэж байна шүү дээ. Өглөөнөөс орой хүртэл ажиллаад л байдаг. Ямар ч ашиг байхгүй. Улс зүгээр нэг зээл авсан хүмүүст өрийг нь дарна гээд яваад байдаг болохгүй байлгүй дээ"
"Ямар ч шаардлагагүй хүмүүс мөнгө аваад үрсэн бол өөрсдөө л хариуцлагаа хүлээх ёстой байх даа"
"Зээлсэн хүмүүс нь өөрсдөө л төлөх ёстой. Шүүхээрээ яваад үнэн нь ялах л ёстой"
"Өөрсдөө зээл авсан бол өөрсдөө л төлөх ёстой. Ард түмэн ч гэсэн тийм л байгаа юм чинь"
"Өөрсдөө л хариуцна шүү дээ. Эзэн байгаа биз дээ. Зээл авсан бүгд эзэнтэй байгаа шүү дээ. Тэр эздийг нь л хуулийнхаа дагуу төлүүлэх, ямар арга хэмжээ байдаг юм тэр хэмжээндээ зүтгэнэ шүү дээ. Түүнээс биш ард иргэдийн өгсөн татварын мөнгөөр амьтны өрийг төлдөг гэж юу байх вэ" гэж хэллээ.