Бээжин-2022 олимпын наадамд уран гулгалтын төрлөөр оролцож буй тамирчин Камила Валиева энэ сарын 6-нд болсон эмэгтэй богино үзүүлбэрт 90.18 оноо авсан билээ. Ингэснээр уран гулгалтын шигшээ багаа эхний байрт авч ирсэн юм. Харин өнөөдөр болсон чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан риттбергер, гурвалсан аксель гэсэн уран гулгалтын төрлийн хүнд элементүүдийг чадварлаг гүйцэтгэн, 178.92 оноо авлаа. Улмаар багийн тэмцээний нийт дүнгээр ОХУ-ын шигшээ баг 74 оноо авч, олимпын алтан медаль хүртлээ.
Энэ удаагийн олимпод шуугиан тарьж, олны анхаарлыг татсан Камила Валиева нь өдгөө 15 настай. Уран гулгалтаар гурван настайгаасаа хичээллэж эхэлжээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн анхны тэмцээндээ дэлхийн дээд хоёр амжилтыг нэгэн зэрэг эвдсэн байна.
Орос, Европын аварга, өсвөр үеийнхний 2020 оны дэлхийн аварга Камила Валиевагийн хувьд өнгөрөгч 2021 онд насанд хүрэгчдийн тэмцээнд орж эхэлсэн бөгөөд түүний анхны тэмцээн нь Финланд улсад зохиогдсон "Finlandia Trophy" байсан юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэг өдөр дэлхийн хоёр дээд амжилт эвдэж шуугиан тарив. Тэмцээний үеэр Камила богино үзүүлбэрээр 74.93 оноо, чөлөөт үзүүлбэрээр 174.31 оноо авч өмнөх дэлхийн дээд амжилтыг найман оноогоор ахиулав. Улмаар түүний хоёр үзүүлбэрийн нийлбэр дүн 249.24 оноо болсон нь мөн л дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон үзүүлэлт юм.
15 настай Камила охин Бээжингийн олимпын уран гулгалтын чөлөөт үзүүлбэрээ үзүүлсний дараа түүний бүх өрсөлдөгчид суудлаасаа босож, алга ташиж баяр хүргэв. Камила Валиевагийн чадварыг өрсөлдөгчид нь үнэлж, бүгд хүлээн зөвшөөрсний илрэл хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Валиева тус үзүүлбэрээрээ 90.18 оноо авч, багтаа арван оноо авчирсан. Улмаар багийн тэмцээний нийлбэр дүнгээр Орос нэгдүгээр байр руу дээшилсэн. Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхлэх бөгөөд Камила Валиева мөн адил өрсөлдөнө.