Хөгжлийн банкнаас нэр бүхий албан тушаалтнууд өндөр дүнтэй зээл авсан асуудлаар Хан-Уул дүүргийн төлөөлөгч Б.Жагар үзэл бодлоо илэрхийлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлэв.
Тэрбээр, “Төрийн ордонд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид том наймаа хийж байна. Төрийн ордноос Монголын ард түмний ходоодыг удирдаж байна.
Бодлого боловсруулах үүрэгтэй УИХ-ын гишүүд өөрсдөдөө бага хүүтэй зээл авч, өөрсдөдөө давуу эрх эдлэн хулгай хийж байна. Ард түмэнд өндөр үнэтэй зээл өгч, олон төрлийн хөрөнгө, орлого шаарддаг хэрнээ эрх мэдэлтнүүдийн зүгээр л цаасан дээр бичсэн мөрөөдлийг нь харж байгаад зээл олгожээ.
Банк дампууруулж, цөөхөн гэр бүл хожиж байна. Зээл авсан хүмүүс Монголын ард түмний мөнгийг хүүлж байна. Төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох цаг ирсэн. Зүсээ хувиргаж, бэлтрэгүүдээ төрийн ордонд шургуулж байна. Тэдэнтэй хатуу тэмцэх ёстой.
Энэ зээлийн асуудалд холбогдсон хүмүүст хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай. Би өдөр бүр иргэдээс гарын үсэг цуглуулна. Ард түмний татварын мөнгөөр цалин авч буй хүмүүс ард түмэнд тодорхой хариу өгөх хэрэгтэй" гэв.