Япон улсын зочид буудлаар үйлчлүүлсэн зочдын тоо хоёр дахь жилдээ хамгийн доод түвшинд хүрчээ. Коронавирусын тахал нь хилийн хяналтыг уртасгаж, дотоодын аялал жуулчлалын эрэлт сэргэлтийг удаашруулжээ. Тус улсын аялал жуулчлалын агентлагаас саяхан нийтэлсэн урьдчилсан мэдээллээр зочид буудал, дэн буудлын нийт зочдын нийт тоо 315.75 сая болсон нь 2020 оныхоос 4.8%, 2019 оныхоос 47% буурсан дүн аж.
Хоёр ба түүнээс дээш удаа тоологдсон байж болзошгүй хүмүүсийг ч мөн адил багтаасан энэ тоо нь 2011 оноос хойшх хамгийн бага үзүүлэлт юм.
Японы дотоодын зочдын тоо 2020 онтой харьцуулахад 0.1 хувиар нэмэгдэж 311.54 сая болсон бол Токиогийн зуны Олимпийн наадмыг зохион байгуулах үеэр 7, 8-р саруудад гадаадын зочдын тоо өмнөх оныхоос 79.3%-иар буурч, 4.21 сая болж байжээ.
Шинэ халдварын тоо буурсантай холбоотойгоор Япон улсын Засгийн газар улс даяар Ковид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн яаралтай арга хэмжээг цуцалсны дараа дотоодын зочдын тоо оны сүүлийн саруудад нэмэгдэж, 10, 11, 12-р сард 30 саяас давав.
Харин гадаадын зочдын хувьд Япон болон бусад орны засгийн газар хилийн хяналтыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан жилийн энэ үзүүлэлт 2019 онтой харьцуулахад 96.4%-иар буурчээ. Үүнд Токиогийн олимп, паралимп ихэвчлэн үзэгчгүй болсон нь ч нөлөөлсөн юм. Олимпын наадамд оролцохоор Японд ирсэн оршин суугч бус гадаадын иргэдийн дунд тамирчид, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зонхилж байв.
Үүний зэрэгцээ, зочид буудлууд энэ жил халдварлах чадвар өндөр омикрон хувилбараас сэргийлэх үүднээс захиалгынхаа тоог хязгаарлах байдлаар тэмцсэн гэхэд болно.
Тус улсын 47 мужийн ихэнх нь төв засгийн газраас гаргасан онц байдлын дэглэмд байгаа бөгөөд шаардлагагүй бол мужуудын хооронд зорчихгүй байхыг эрх баригчдын зүгээс хүсч буй. Засгийн газраас нь орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих татаасын хөтөлбөрөө нэгдүгээр сарын сүүлээр үргэлжлүүлнэ гэж найдаж байсан ч түр зогсоосон юм.
Цар тахлын нөхцөл байдал сайжрахгүй бол аялал жуулчлал, тэр дундаа зочид буудлын бизнес эрхлэгчид санхүүгийн хүндхэн байдалд ороход ойрхон байна.
Эх сурвалж: The Japantimes