Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдугаар сарын 15-нд 10:00 цагт болно.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч Ш.Батхүүг өвдсөн гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Үүний өмнөх шүүх хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд товлосон байсан ч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхардсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулаад байсан юм.
АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм.
Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.