Өнгөрсөн жил Америкийн ажлын байрны хувьд түүхэн жил байлаа. АНУ-ын ажил олгогчид урьд өмнөхөөсөө илүү ажлын байр нэмэгдүүлсэн бол нөгөө талд хүмүүс ажлаасаа гарсан тоо ч мэдэгдэхүйц өндөр байсан гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 4.3 сая америк хүн ажлаасаа гарсан нь арваннэгдүгээр сарын 4.5 сая хүнээс бага зэрэг буурсан гэж Хөдөлмөрийн статистикийн товчоо баасан гарагт мэдээлэв.
Сая сая ажилчид мөнгөн урамшуулал, илүү сайн цалин эсвэл илүү сайн тэтгэмж авахын тулд, нөгөө хэсэг нь цар тахлын үеэр хүүхэд, өндөр настан хамаатан саднаа асрах зорилгоор хөдөлмөрийн зах зээлийг орхихоос өөр аргагүй болж байжээ. Үүний зэрэгцээ ахмад ажилчдыг насаар нь ялгаварлан хөдөлмөрийн зах зээлээс механикаар шахсан учир эрт тэтгэвэрт гарсан тоо ч ажлаас гарсан хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн аж.
Өнгөрсөн сард ажлаасаа гарсан ажилчдын тоо эрүүл мэнд, нийгмийн халамж, ресторан, зочид буудал, барилгын салбарт буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд ажлаасаа гарсан хүмүүсийн тоо түүхэнд бичигдэхүйц өндөр байсан ч АНУ-ын хөдөлмөрийн зах зээл 6.4 сая хүний ажлын байр нэмэгдүүлсэн гэсэн сонирхолтой тоо байгаа юм.
2021 онд нийтдээ 75.3 сая ажилчин ажилд орсон бол 68.9 сая ажилчин ажлаасаа гарсан буюу халагдсан байна. Эдгээр хүмүүсийн 47.4 сая нь сайн дураараа ажлаасаа гарсан гэдгийг судалгаа харуулжээ.
Үүнтэй уялдуулан 12-р сард ажлаасаа халагдсан хүмүүсийн тоо 1.2 сая болж шинэ дээд амжилт тогтоосон нь өнгөрсөн оны эцсээр тархсан омикрон хувилбарын сөрөг нөлөөлөл хөдөлмөрийн зах зээлд бүрэн нөлөөлөөгүйг харуулж буй.
АНУ-ын компаниудын хувьд ажиллах хүчний хомсдол зуны улиралд байсан шиг бодитой хэвээр байна. Дэлхийн хамгийн том гэрийн засварын жижиглэнгийн худалдаачин мягмар гарагт ажил горилогчид "ажилд орох өргөдөл бөглөснөөс хойш нэг өдрийн дотор саналыг хүлээн авах боломжтой" гэж мэдэгдэв.
Home Depot компанийн баримтлаж буй "түргэвчилсэн" ажилд авах үйл явц нь хаврын улирал эхлэхээс өмнө 100,000 гаруй шинэ хамтрагчдыг ажилд авах төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Ажилчдыг татахын тулд Home Depot нь ажил хайгчдад ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр, сургалтын төлбөрийн нөхөн төлбөр, мөнгөн урамшууллын хөтөлбөр, хямдралтай хувьцаа худалдан авах зэрэг янз бүрийн урамшуулал санал болгожээ.
Мичиганы их сургуулиас мягмар гарагт гаргасан шинэ судалгаагаар коллежид боловсрол эзэмшсэн ажилчид санхүүгийн аюулгүй байдал гэхээсээ илүү ажлын хүсэл тэмүүллийг чухалчлан үздэг бөгөөд энэ нь компаниудыг ажилчдадаа санал болгож буй зүйлээ дахин үнэлэхэд хүргэдэг болохыг харуулжээ. Цар тахал хүн төрөлхтнийг ажил эрхлэлтийн байдлаа эргэн харахад хүргэж буйн тодхон жишээ нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн байдал болж байна.
Эх сурвалж: CNN News