Манай Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт реппер Мaberrant буюу Г.Мягмардорж оролцлоо. Олон нийтийн анхаарлыг өөрийн өвөрмөц free style-аараа татаад буй уран бүтээлчийн үзэл бодол, зарчим хийгээд уран бүтээлийн талаарх ярилцлагыг хүлээн авна уу.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гантулгын Мягмардорж гэдэг. Бага нас Толгойтод өнгөрсөн. 62 дугаар сургуулийг төгсөөд, сүүлд ҮТДС-ийг архитектур мэргэжлээр дүүргэсэн. Гэхдээ архитектур хийдэггүй.
-Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлүүлж байв даа?
-Би багадаа хип хоп сонсдоггүй байсан. Залуудаа Lady gaga сонсдог байлаа. Тухайн үеийн реп дэмбээ залуучуудыг маш сайн байлдан дагуулж байсан контент. Эхэндээ олон хүний өмнө гарна гэдэг айдастай зүйл шүү дээ. Сүүлдээ сайжирсан байх. Айдсаа даван туулсан гэсэн үг.
-Ингэхэд Free style хийх нь чадвар юм уу туршлага юм уу? аль аль нь уу?
-Free style бол ерөөсөө л туршлага. 100 хувь туршлага. Хамгийн ноён оргилын skill гэж боддог. Би түүх өгүүлдэг дуунууд хийх их сонирхолтой байдаг. Зохиол маягийн зүйл гаргаж түүнийгээ хөгжүүлж төсөөлөх нь надад их таалагдаад байдаг юм. Надад тийм зохиолтой. Кино үзсэн юм шиг мэдрэмж төрүүлэхээр дуунууд нэлээн хэд байгаа. Яг бүтэн 16 мөр яваад, сүүлийн мөрөн дээр нь утга нь тайлагддаг дуунууд их байгаа. Тэр болгоныг бодож хийнэ гэдэг нь нөгөө хэдтэйгээ өрсөлдөөд би танарт үзэл бодлоороо гологдох хүн биш ээ гэдгийг харуулах гэсэндээ тийм дуу их хийдэг байсан.
-Уран бүтээлч хүний хувьд баримталдаг зарчим бий юу?
-Миний хувь дуртай зүйлээ хийчихдэг хүн юм билээ. Дургүй газраасаа шууд явчихдаг. Өөрөө амьдарч байж, өөртөө таалагдахгүй зүйл хийнэ гэдэг маш тэнэг зүйл шүү дээ. Миний хувьд яг оригинал реп хийх сонирхолтой. Бусдын амьдралын хэв маягт нь нөлөөлөхүйц хэмжээнд гэсэн үг. Бидний үеийн залуучуудад ах нарын хийсэн реп нөлөөлчихсөн учраас бид хип хоп амьдраад байгаа юм.
Сүүлийн үед анзаараад байхад би жаахан хувиа хичээсэн хүн юм билээ. Энэ нь шууд утгаараа өөрийнхөө сайн сайхны төлөө маш их хичээдэг хүн гэсэн үг. Надад ашиггүй зүйлд цагаа үрэх дургүй. Нэг ажил дээр хамтарсан бол хэн хэндээ ашигтай ажиллаад салах ёстой. Энэ нь нийгэмд муу юм шиг харагдаад байгаа юм. Муу юм шигээр хүргэчихсэн байна шүү дээ. Гэхдээ тийм биш. Би сайн сайхан амьдралын төлөө, сайхан ирээдүйн төлөө явж байгаа бол хувиа хичээх хэрэгтэй биз дээ. Жаахан амжилтгүй ч гэх юм амьдралд цохиулаад ирэхээр бурууг өөр хүнээс хайдаг юм шиг санагдсан.
-Монголын хип хопод таны үзүүлсэн нөлөө их байх?
-Миний хувьд өглөө босоод сүү өргөхийн оронд гарч ажил хийх дуртай төрлийн хүн. Хөдөлмөр бол хүний байгаа амжилттай шууд холбоотой гэж боддог. Би өмнө нь Dual Z-д дөрвөн жилийн гэрээтэй артистаар ажиллаж байсан. Одоо Black squad гээд студитэй. Артист хөгжүүлэлт хийдэг. Монголын хип хопод аятайхан хоёр контент хийж өглөө. Тамхилах зуур гээд 16 дугаар явсан. UB free style гээд 10 дугаар явсан. Одоо Real label-д байгаа. Хэсэгтээ Gee ахтай юм хийгээд явах байх.
-Хэчнээн дуртай зүйлээ хийж байгаа ч гэсэн хааяа залхдаг, хийхээс дургүй хүрэх үе бий юу? тэр үедээ асуудлаа яаж шийддэг вэ?
-Ял болгож дуугаа хийдэггүй. Болохгүй бол орхичихдог юм. Тархиа жаахан амраагаад ирээд суухад өөр болчихсон байдаг. Би маш их кино үздэг. 2-3 хоногтоо нэг кино үзэхгүй л бол болдоггүй. Цаашдаа кино урлаг руу орох санаа байдаг юм. Гэхдээ ойрын хэдэн жилдээ тийм зүйлд анхаарлаа төвлөрүүлэхгүй. Амьдралд хүрд эргүүлэх боломж гарч ирдэг юм шиг. Одоо яг миний тэр үе ирчихсэн. Хэр сайн эргүүлснээс хамаарч миний цаашдын ирээдүй өөрчлөгдөх учраас би үүн рүү фокус өгч, хүчээ гаргаж ажиллахаар шийдсэн байгаа.
-Олон нийтийн амьдрал, хувийн амьдрал тусдаа байдаг шүү дээ. Та хувийн амьдрал дээрээ ямар хүн юм бэ? Хэр сайн аав бэ?
-Би 2015 онд аав болсон. Охин ээж дээрээ байдаг юм. Сайн муу гээд дүгнэж чадахгүй юм. Гэхдээ сайн аавыг өөрийнхөөрөө тодорхойлж байж энэ асуултад хариулна. Миний хувьд хүүхдийнхээ сэтгэл зүйд нь нөлөөлөхөөр хүнд юм үзүүлэхгүй байхыг сайн аав гэж хэлчих байх. Ингээд бодвол би дажгүй сайн аав байх шүү. Охиныхоо ээжээс тусдаа байгаа болохоос, охиноосоо тусдаа байгаа зүйл биш учраас их уулзахыг хичээдэг.
-Таны сэтгэл зүй гэмтэж байв уу?
-Амьдралд давахаас өөр ямар ч замгүй асуудлууд их тохиолдоно. Хэцүү байлаа гээд болиод өөр үе рүү орох боломжгүй. Бид тусдаа байгаад байна шүү дээ. Хүн салъя гэж нийлэхгүй. Түүн дээр хүний сэтгэлзүй үнэхээр гэмтэж байгаа юм. Тэр мэдрэмжээс салах гэж есөн шидийн юм хийж үзнэ. Тэр орон зайг өөр хүнээр нөхөх гэж үзнэ. Аллохолоор орлуулах гэж ч үзнэ. Тэглээ гээд тэр байдал дээрддэггүй юм билээ. Түүнийг эрүүл ухаан болон өөртэйгөө ярилцаж байж давах нь зөв санагдсан.
-Цагаан сарын тухайд тэмдэглэх нь зөв буруу гээд л олон байр сууринаас залуучууд ярьдаг. Таны хувьд?
Залуучууд хүүхдүүд нэг их цагаан сарыг тоодоггүй. Төвөгтэй ч санагдаж байгаа зарим хүмүүст. Энэ нь өв соёлоо авч үлдэж байгаа том зүйл юм аа гэдгийг би өөрөө саяхнаас ойлгож эхэлсэн. Тэгэхээр энэ сайхан баярыг гоёор хүлээж аваад бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.