Урлагийн амьдралыг хатуу гэж ярьдаг. Уран бүтээлчид өөрсдийн туулж буй зовлон хүнд мэдрэмжээ нуун байж бусдын сэтгэл, оюуныг баясгаж, хөгжөөж байдаг билээ. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “San Juniper” хамтлагийн хийлч Б.Баярцэнгэл буюу Вay оролцож урлагийн тогоонд чанагдаж эхэлсэн цагаасаа туулсан адармаатай зүйлс, алдаа оноотой үеүдийнхээ тухай ярилаа.
–Сайхан шинэлсэн үү? Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач?
–Сайхан шинэлэв үү? Намайг Б.Баярцэнгэл гэдэг. “Sаn Juniper” хамтлагийн хийлч байна. Миний хувьд Монголдоо жазз хөгжим суралцсан хамгийн анхны хийлч гэж хэлж болно. Одоо 24 настай. Манай хамтлагийн нөгөө гурав урд нь хамтлаг байсан. Би сүүлд орж ирсэн юм. “Red line” гэдэг нэртэй хамтлаг байлаа. Манай “San Juniper”–ийн хувьд 2019 онд “Өөрийнхөөрөө” гээд дуугаараа дебюд хийж байсан. Саяхан альбомоо гаргасан. Үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна гэсэн үг.
–Урлагаар явж байгаа залуу үеийнхэнд санхүүгийн асуудал их тулгардаг байх. Үүнийг хэрхэн шийддэг юм бэ? Хүсэл зорилго байхад аяндаа болчихдог юм уу?
–Яалт ч үгүй мөнгө хэрэг болдог юм аа. Дан ганц хүсэл байгаад болдоггүй. Гэрэлт гудамж нээгдэж байхад, гудамжинд хөгжмөө тоглоод мөнгө авдаг байлаа шүү дээ. Ингэж нэг хэсэг явсан.
Нөгөөтэйгүүр бид эхлээд өөрсдийгөө хамгийн бага үнэлгээгээр зардаг. Нуулгүй хэлэхэд 150-200 мянган төгрөгөөр тоглож байсан үе бий. Үүнийг тавуулаа хувааж авч байгаа шүү дээ. Аль болох хувь хуваагаад хамтлагтаа хуримтлал үүсгэх гээд хичээдэг. Одоо харьцангуй ийм асуудал тулгарах нь бага болсон. Тууштай урлагт зүтгэсний үр дүн бага багаар гарч байгаа.
–Таны хувьд хэр удаан хийл тоголж байна? Хийлчтэй нь танай хамтлагийн онцлог давуу тал болов уу гэж хардаг.
–Хийл хөгжмөө 17 дахь жилдээ тоглож байна. Өсвөр насанд хөгжмөө больё гэсэн сэтгэхүйтэй болсон үе бий. Энэ хөгжмөөр яадаг юм гэсэн бодлууд төрж эхэлж байсан. Ингээд эрс өөрчлөгдсөн гэх юм уу даа. Хийл хөгжимд улам дурлах болсон юм. Эхнэр гэж байдаг бол миний эхнэр шиг, амьдрал минь болчихсон.
–Аливаа зүйлээс шантрах үе гэж бий шүү дээ. Салбар салбараасаа хамаараад шалтгаан нь өөр байх. Таны хувьд яагаад хөгжмөө үгүйсгээд эргээд дурлах болсон юм бэ?
–Бусад хүүхдүүд маань сайн байгаад байсан юм. Энэ нь шантрах бас эргээд дурлах шалтгаан. Би яагаад чадахгүй байгаа юм бол оо гэдэг бодол дээр тулгуурлан эргээд хөгжимдөө дуртай болсон гэж болно.
-17 жил хөгжим тоглосон гэхээр амьдралынхаа ихэнх хугацааг хөгжимтэй өнгөрүүлжээ. Хөгжмөө нэгдүгээрт тавьж бусад зүйлсийг золиослох үе гарч байв уу?
–Яг хөгжим бүжгээр явах нь өөрөө золиос л доо. Надад бага насны дурсамж гэж байхгүй ээ. Би гэр хороололд амьдардаг байсан. Жаахан хүүхэд гадаа гараад л тоглодог шүү дээ. Би нэг ч удаа тоглож үзээгүй. Манай үеийнхэн хашааны буланд хөл бөмбөг, сагс тоглоод л. Би нэг ч удаа тэгж үзээгүй. Хөгжмөө л давтдаг байсан.
Гэр хороололд урлагийн хүн тэр тусмаа хөгжимчин байх нь жаахан төвөгтэй. Нүүрс авна, ус авна. Гэртээ түрүүлж харих, өглөө түрүүлж сэрбэл гал түлнэ. Гэр хорооллын ажил мундахгүй шүү дээ. Төв рүү сургууль руугаа явахаар надаас утаа үнэртдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсээс санаа зовдог үе байсан. Гар хуруу эвдэрчих гээд байдаг зүйл бий.
–Урлагийн амьдрал хатуу гэдэг шүү дээ. Яг юу нь хатуу байдаг юм бэ?
–Урлагийн амьдралыг хагас цэрэгжилтийн гэдэг шүү дээ. Энэ нь 100 хувь үнэн. Би өдрийн төлөвлөгөө ч гаргаж чаддаггүй. Гэнэтийн зүйлсэд бэлтгэлтэй байх шаардлагатай байдаг юм.
Урлагийн хатууг ойлгуулах нэг жишээ яривал, Judy garland гээд миний шүтдэг дуучин эмэгтэй байдаг юм. Аав нь нас барсны дараа телевизийн бичлэгт орсон юм билээ. Телевизийн бичлэгийг нь үзэх юм бол огт тэгж мэдэгдэхгүй. Маш гоё инээмсэглээд л. Цэвэр жүжиглэлт байгаа юм. Тэр сэтгэл зүйг даран байж үзэгчдээ хүндэлж бичлэг хийлгэж байна гэдэг бол хүнд. Бид хүмүүст сайхан зөв энерги өгөх ёстой учраас жүжиглэдэг. Маш их ядарсан байсан ч тайзан дээр гараад юу ч болоогүй юм шиг жүжиглэдэг гэсэн үг.
Миний хувьд хамгийн чухал нь гар. Тоглолтын өмнө нэг л хуруугаа зүсчих юм тэр тоглолт байхгүй болно. Маш олон сар жил бэлдсэн зүйлээ нэг зүсэлтнээс болж хийж чадахгүй бол хайран биз.
–Залуу хүний хувьд тайзан дээр бүтэлгүйтсэн үе байдаг байх?
-Алдсан түүх олон байгаа. 2020 оны XMF-д хамтлагууд бүрэн бүрэлдэхүүнээр тоглохоор Sequencer буюу давхар хөгжим тавьдаг. Найзаасаа soundcard гэдэг зүйлийг нь гуйгаад явав аа. Тэр нь шинэ загварын, минийх хуучин загварын байсан. Болчихно доо гээд л тайз руу гарахаас өмнө шалгаагүй. Ингээд тоглолт эхлэхэд ямар ч товчлуур нь байхгүй тэгээд л би бүр паниканд орчхож байгаа юм. Юм аа мэддэггүй хүүхдүүд байна гэж хэлүүлээд л. Тайзан дээр гарах нь маш олон хүний харцанд багтана гэсэн үг. Бүх хүн дүгнэнэ шүү дээ. 200 хувь бэлтгэлтэй байж тайзан дээр гарахгүй бол тал хувь нь уначихдаг. Тэгэхээр маш сайн бэлтгэлтэй гарах хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал ойлгосон.
–Та ямар сургууль төгссөн юм бэ?
–Хөгжим бүжиг, СУИС–ийг төгссөн. Хөгжим бүжиг дээр очихоор СУИС-ийн хүүхэд юу хийж яваа юм. СУИС-руугаа явахгүй яасан юм чи гээд л. Багш нар хүртэл их хэцүү. Урлагт атаархал биш өрсөлдөөн байх хэрэгтэй гэж боддог.
–Хийл тоглохоор төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач?
–Хийл тоглож байхад нүдэнд өөр зүйлс харагддаг. Нот гүйж, нотны шугамууд дээш доош хөдөлж харагдаад л. Хөгжмүүдийн маань зохилдлогоо гарч ирээд л. Энд бөмбөр, төгөлдөр хуур, тэндээс нэг ритм орж ирж байгаагаар төсөөлж мэдэрч янз бүрийн гэрэл асаад л. Тэндээс бүх бие рүү сигнал өгдөг. Сонин хөөрч байгаа мэдрэмж авдаг. Гулгаад л, хөөрөөд л, нисээд байгаа юм шиг. Дуртай юм гэдэг насан туршид салахгүй зүйл гэж би ойлгодог. Өөр зүйл хийх гэж оролдсон ч нөгөөх нь огт салж өгдөггүй. Дуртай юмаа хийснээрээ хүн алддаггүй гэж боддог юм. Гэвч үүнийгээ 100 хувь амьдрал болгоод явах нь асуудал. Би хийл тоглодог байлаа гэхэд дан хийл тоглоод байж болохгүй шүү дээ. Давхар хөгжим хийдэг болсон.
–Урлагийн хүний хувьд баримталдаг зарчим бий юу? Цаашдын зорилго юу байгаа вэ?
– Урлаг зогсож болохгүй, түүнийг зогсоож бас болохгүй. Нэг л зогсох юм бол бидний бүтээсэн бүх зүйл алдагдана. Манай хамтлагийн хувьд дараагийн цомгийнхоо ажилд орох гэж байгаа. Зарим дуугаа клипжүүлэх гэж байна. Зогсохгүй хөдөлмөрлөх зорилготой.
–Ярилцсанд баярлалаа.
–Баярлалаа.