БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм.
Мөн Ерөнхий Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана. Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана.
Тэрбээр өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн барих хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхий сайд урилгаар оролцоно.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар