
Хүн төрөлхтний хамгийн эртний багийн спортын нэг гэж тооцогддог кёрлингийн спорт нь өдгөө Өвлийн Олимпийн наадмын гол тулгуур болоод байна. "Шотландын Айн тоглоом"-ын тухай хамгийн эртнийхт тооцогддог Их Британийн хамгийн хойд нутгийн хөлдсөн далайн эрэг, цөөрөмд кёрлинг тоглож байсан түүхээс хойш кёрлингийн шайб их өөрчлөгдсөн гэдэг. Өмнө нь кёрлингийн шайбууд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байсан бөгөөд тоглогчид мөсний хагархай, хонхорхойг давж чадах хувилбарыг сонгодог байсан нь бүгд ялалтын төлөөх ганц зорилготой байв.
Харин өнөө үед олимпын наадмын кёрлингийн шайбын хэмжээ стандартчилагдсан бөгөөд тус бүр нь 20 кг жинтэй, өргөн нь 278 мм, өндөр нь 136 мм байдаг.
Гэсэн кёрлингийн шайб хийдэг чулуутай холбоотой зарим гайхалтай уламжлалууд өнөөдөр олимпийн тэмцээнд ашигласан чулуунуудад хадгалагдан үлджээ.
“Олимпын наадмын кёрлингийн шайб хийдэг чулуу Шотландын эргийн ойролцоох Айлса Крейг хэмээх энэ жижигхэн арлаас гаралтай. Айлса Крэйгийн чулуу шиг өөр ямар ч сайн чулуу байхгүй" гэж АНУ-ын Кёрлингийн багийн гишүүн асан Эрика Браун Scientific America сэтгүүлд бичсэн нийтлэлдээ тайлбарлажээ.
Кёрлингийн шайб хийх чулууг дэлхий даяар Итали, АНУ, Энэтхэг, БНХАУ зэрэг алс холын бүс нутагт олддог боржин чулуугаар хийдэг уламжлалтай. Гэсэн хэдий ч кёрлингийн спортын хувьд Шотландын Айршир эргийн ойролцоох Айлса Крейг арлаас олборлосон хайлсан боржингийн өвөрмөц шинж чанарыг орлож чадах сайн чанарын чулуу өөр хаана ч байхгүй гэнэ.
Айлса Крейгийн боржин чулуу нь дэлхий дээрх хамгийн хатуу бөгөөд цэвэр ариун чулуунуудын нэг төдийгүй мөсөн гадаргуугийн нойтон, чийглэг нөхцөлд ч хэлбэр дүрсээ хадгалж чаддаг.
Энгийн, ногоон Айлса Крейг боржин чулууг Олимпын наамдын кёрлингийн шайбынэх биеийг бүтээхэд ашигладаг. Цэнхэр өнгийн боржин чулуу буюу өөр нэг Айлса Крэйгийн чулууг эх биед суурилуулж, мөстэй харьцдаг чулууны хэсэг болох гүйлтийн туузыг үүсгэдэг. Хагарал, конденсацид тэсвэртэй чулуу нь гадаргуу дээр жигд гулсах чадвар хамгийн чухал байдаг спортод төгс тохирдог аж.
Айлса Крэйг бол 3.2 км тойрогтой жижиг арал бөгөөд хэдэн арван сая жилийн турш үргэлжилсэн галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн гэж эрдэмтэд үзэх нь бий. Магма хурдан хөрөхөд гөлгөр боржин чулуу үүссэн нь өнөөдөр арлын гадаргууг бүрдүүлдэг гол эд болжээ.
Өнөөгийн Ирланд, Шотландын хооронд оршдог уг арал нь 16-р зууны цайзын бэхлэлт, 18-19-р зууны шорон, хамгийн сүүлд ганнет, паффин зэрэг олон төрлийн шувууны дархан цаазат газар болж байсан баялаг, басхүү сонирхолтой түүхтэй.
Айлса Крейгийн боржин чулууны молекулын бүтэц нь түүнийг кёрлингийн спортод маш тохиромжтой болгож өгчээ. Шотландын энэ жижиг арлаас өөр халуун, чийг тэсвэрлэх чадвартай боржин чулууг дэлхийн өөр хаанаас ч олборлож, үйлдвэрлэдэггүй.
Хүн төрөлхтний эв найрамдал, спортын гайхамшгийг мэдрүүлдэг олимпын наадмын тулгуур болсон кёрлингийн шайбыг төгс тохирох чулуугаар бүтээхээс аргагүй билээ.
Айлса Крейг арал
Эх сурвалж: Olympics.com