XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жил өнөөдөр эхэлж байна. Монголчууд тухайн жилийн өнгө төрхийг зурхайгаар шинжилдэг. Зурхайн зурлагад бууснаар ерөнхий төлөвийн хувьд сайхан жил гарах юм. Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ.
Уламжлал болсон баярын өдрийн шинийн нэгэнд цээрлэх ёс хийгээд заавал үйлдэх хэд хэдэн зүйлсийг та бүхэнд сонирхуулъя.
Хаврын эхэн сарын анхны өдөр буюу билгийн тооллын шинийн нэгний өглөөний наран мандсанаар цагаан сарын үйл ажиллагаа албан ёсоор эхэлдэг. Монголчууд шинийн нэгний өглөө ургах нартай уралдан босч, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанаж цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөсний дараа золгож эхэлдэг уламжлалтай. Цагаан сарын баярыг шинэ бүхний эхлэл хэмээн билэгшээдэг тул зарим зүйлийг цээрлэдэг билээ. Тухайлбал,
- Гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
- Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
- Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.
- Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.
- Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
- Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.
- Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.
- Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.
- Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.
- Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай аж.
- Харин заавал биелүүлэх ёстой үйлд зүг мөрөө гаргах болон бусад уламжлалт зан үйл багтдаг байна.
ЗҮГ, МӨР ГАРГАХ БОЛООД ЗОЛГОХ ЁС
“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн шинийн 1-нд зүг, мөрөө хаашаа гаргах талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатараас тодруулсан мэдээг та бүхэн ЭНД дарж харна уу.
Энэ жилийн тухайд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байгаа ч ёсыг дагах нь гарцаагүй. Тэгвэл хүүхэд, залуус өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох нь зүйтэй аж. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.
Ахмад хүн буюу зочин хүн тухлан суусны дараа дүүмэд хүн хөөрөгнийхөө бөглөөг султгаж, баруун гарынхаа тохойг зүүн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина.
Ахмад буюу зочин ч мөн адил өөрийн хөөрөгний бөглөөг султган баруун гараараа өгөхөд дүүмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хүргэн үнэрлээд буцааж бариад өөрийнхөө хөөргөө буцаан авдаг. Үе насны хоёр хүн тамхилан мэндчилэхдээ тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг билээ.